АРХАНГАЙ: “Нээлттэй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөв хөрөнгө шийдвэрлэж өгөх тухай санал уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.mn
2023-01-09 16:12:50

Архангай /МОНЦАМЭ/. “Нээлттэй Архангай” хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбатаар ахлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх дэд ажлын багийн хуралдаанаар гурван удаа хэлэлцээд байна.

“Нээлттэй Архангай” хөтөлбөрийн төсөлд сумдын газар нутгийн байршил, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын онцлог, эдийн засгийн боломж, хүний нөөцөд тохирсон хөрөнгө оруулалтуудыг тусгасан байна.

Архангай аймаг энэ хөтөлбөрийн хүрээнд 9600 иргэнийг орон нутагтаа урьж, суурьших боломжийг бий болгох зорилготой юм.

Улаанбаатар хотоос Архангай аймагт шилжин ирж амьдрахад орон сууцны хүртээмж, ажлын байр, цэцэрлэг сургууль, эмнэлгийн хүртээмжийн судалгааг гаргахад орон сууцны эрэлт их байгааг харгалзан зарим сум 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө орон сууцны зориулалттай газруудыг төлөвлөж өгчээ.

Мөн орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэр, цехүүдийг бий болгож, ажлын байртай болгох ажлыг хэлж байв. Гол нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аль аль шатанд нь төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байгаа тухай саналыг сумдын удирдлагууд хэлж байлаа.

Архангай аймаг дахь ХААН банк Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогыг аймагтаа хэрэгжүүлэхэд ЖДҮ, орон сууцны зээлүүддээ уян хатан нөхцөлийг санал болгож байгаагаа мөн илэрхийлж байв.

“Нээлттэй Архангай” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын 2023 оны эхний хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар ажлын баг бэлтгэлээ хангаж байна.

 

Холбоотой мэдээ