Ч.Номин: “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр жил дараалан зохион байгуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-12 07:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд “Соёлын бүтээлч сар" сэдвээр Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.


Тэрбээр мэдээлэлдээ "Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийж, өөрийн орны нөөц бололцоо, олон улсын туршлага чиг хандлагатай уялдуулан, хөгжлийн бодлогоо тодорхойлон “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 314 дүгээр тогтоолыг батлуулсан. Энэ хүрээнд үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчид, хүүхэд залуучууд, иргэдийн бүтээн туурвих авьяас, чадавхыг хөхиүлэн дэмжих, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг ойртуулах чиглэлээр хийж байгаа томоохон ажил нь "Соёлын бүтээлч сар" аян гэдгийг салбарын сайд онцолсон юм.


Соёлын яамнаас 2021 онд цар тахлын дараах хүндрэл бэрхшээлийг даван туулах соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр 167 арга хэмжээ зохион байгуулж байсан бол 2022 онд соёлын салбарын хөгжлийн үндсэн 4 зорилтын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн өнгө төрхтэйгөөр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2063 арга хэмжээг зохион байгуулсан гэв.


“Соёлын бүтээлч сар” арга хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 512 соёлын байгууллага, олон улсын байгууллага, хамтын удирдлагын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, 2700 гаруй чөлөөт уран бүтээлч, эрдэмтэн судлаачид хамрагдан ажиллалаа. Онцлох ажлуудаас дурдахад, “Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ”, “Монгол цам”, “Язгуурын тав” тусгай үзэсгэлэн, кино урлагийн салбарын анхдугаар зөвлөгөөн, номын санчдын IX дүгээр зөвлөгөөн зэрэг болно. Хүний эрх, соёлын эрхийг хамгаалах, соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй байдлыг хангах ажлын хүрээнд 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найман хувийг хамарсан гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа. 


Түүнчлэн хүүхэд нэгдүгээрт бодлогын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран урлаг, соёл, боловсролын оролцоот хөтөлбөрүүд, тоглолт, үзвэр үйлчилгээ зэрэг арга хэмжээнд нийтдээ 277124 хүүхдийг хамруулсан бөгөөд энэ нь Монгол Улсын нийт хүүхдийн 23 хувьд хүрсэн. “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр жил дараалан зохион байгуулсан. Энэхүү аян нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэх холбогдолтой тусгасан зорилт, арга хэмжээ хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Жил бүр агуулга, хэлбэрээ баяжуулан цар хүрээний хувьд өргөжиж байгаа "Соёлын бүтээлч сар" аянд оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, соёл урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг тэлж, дээшлүүлэх ач холбогдолтой. 2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэд соёлын хүртээмжид хамрагдсан гэсэн судалгаа гарсан гэж байлаа.  


Үргэлжлүүлэн Соёлын яамнаас 2022 оны 11 дүгээр сард зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар” аяны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг тус яамны Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг хүргэв. Тэрбээр мэдээлэлдээ "Энэ жилийн “Соёлын бүтээлч сар” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд явуулсныг тодотгоод 2022 оны онцлох гол үр дүн нь оролцогч талууд өргөн хүрээнд хамрагдсаныг онцолсон. “Соёлын бүтээлч сар” аяны эхний 7 хоногт үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд зохион байгуулсныг дурдаад энэ хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн соёл, урлагийн байгууллагууд, нутгийн авьяастнуудыг алдаршуулах тоглолт, арга хэмжээ, орон нутгийн онцлог бүхий гар урлал, дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн, угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтууд, үндэсний бичиг үсгийг сурталчлах өдөрлөг, нүүдлийн соёл иргэншлийг сурталчилсан нийт 235 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээрт   71461 хүн хамрагдсан гэж байлаа.


Мөн “Соёлын бүтээлч сар” аяны хоёр дахь 7 хоногийг бүх нийтийн соёлын боловсрол дээшлүүлэх зорилт агуулгын хүрээнд зохион байгуулж, энэ хүрээнд аймгийн нийслэл, сум, дүүргийн соёл, урлагийн байгууллагууд хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, номын уншлагыг дэмжих 7 хоног, музейн боловсролын хөтөлбөрүүд, иргэдийн чөлөөт цагийг дэмжсэн олон талт арга хэмжээ, нээлттэй хаалганы өдөрлөг зэрэг нийт 347 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээр 120503 хүн хамрагдсан байна. 


Түүнчлэн “Соёлын бүтээлч сар” аяны гурав дахь 7 хоногийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд зохион байгуулсан. Энэ хүрээнд кино урлаг, дуу хөгжим, ном хэвлэл, дүрслэх урлаг, хувцас загвар зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлд төвлөрүүлж, форум, хэлэлцүүлэг, урлагийн тоглолтууд зэрэг нийт 476 арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, тэдгээр нийтдээ 544517 хүн хамрагдсан. “Соёлын бүтээлч сар” аяны дөрөв дэх 7 хоногийг соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод чиглүүлж, энэ хүрээнд улсын хэмжээнд нийтдээ 1005 арга хэмжээ зохион байгуулж тэдгээрт 277124 хүн хамрагдсан  гэв.   


Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд, "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд олон улсад зохион байгуулсан арга хэмжээ болон аяны үр дүнгийн талаар танилцуулав. 









Холбоотой мэдээ