Д.Рэнчинханд: Хүний дотоод сэтгэлд асар их хүч, нөөц хуримтлагддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2023-01-16 13:14:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пара гүйлтийн цана, биатлоны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинхандтай уулзаж пара спортын хөгжил, ирээдүй, пара спортоор хичээллэгчид болон өөрийнх нь ажил үйлсийн талаар ярилцсан юм.


-Та хүүхэд, залуу насандаа цанын спортоор хичээллэж байсан гэсэн эндээс хоёулаа яриагаа эхлүүлбэл ямар вэ?

-Би Сүхбаатар аймгийн хүн. Манай нутагт их цас орно. Миний ах хөнгөн атлетикийн мастер, Улсын аварга Дугаржавын Паламсүрэн гэж хүн байсан юм. Тэгээд манай ах гүйнэ, цанаар гулгана. Тэгээд бид чинь ахынхаа үйл хөдлөлийг харж, дууриаж өссөн дөө. Ахыг гэртээ байхгүй үеэр нь цаныг нь аваад гарна шүү дээ. Нууцаар хааяа нэг гулгаж үзнэ. Ах ч цанаа бараг өгөхгүй, зөвшөөрөхгүй л дээ. Хус модоор хийсэн цана байдаг байлаа. Цанынхаа гол хэсгийг молоконы лаазаар бүрээд, тэгээд цанын 2 үзүүрээс нь татаж боогоод нумруулна. Цанаа үйсээр өнгөлнө. Эхэн үедээ лаагаар өнгөлдөг байлаа. Дараа нь тийм тусгай өнгөлөгчөөр /тэр яг бохь шиг зажилж болдог, тэр өнгөлөгчөөс нь жаахан эмтэлж аваад зажилдаг байж билээ/ өнгөлнө шүү дээ. Тэгээд л ахыгаа дагаад бага ангийн сурагч байхаасаа цаныг сонирхож эхэлсэн дээ. Тосолж, өнгөлсөн цана чинь цасан дээр илүү хурдан гулгана. Үеийн хүүхдүүдтэй уралдахад миний цана тосолсон болохоор тэднийг ардаа орхиж түрүүлнэ. Тэгээд л бусдаасаа мундаг гулгаж байгаагаа мэдэрч, тэд ч намайг мундаг гээд л хүүхэд болсон хойно баярлаж хөөрнө дөө. Тэр үед цана ховор байлаа. Аавдаа би цанатай болмоор байна гэдэг байлаа. Манай аав жолооч хүн л дээ. Дорнод аймгаас надад цана авчирч өгсөн юм. Тэгээд л өөрийн гэсэн цанатай болж, сургуулийнхаа аварга болоод л дараа нь Баруун-Урт хотынхоо 3 дунд сургуулийн уралдаанд ч тэргүүллээ. Аймгийн АШТ, Бүсийн АШТ гээд л болно шүү дээ. Дараа нь дээд сургуульд нийслэлд ирээд бас нэлээн цанаар уралдсан. Миний хувьд тийм ч өндөр амжилт гаргаагүй л дээ.


-Пара цанын спортоор хичээллэгч тамирчид, дасгалжуулагчидтай анх хэрхэн танилцаж холбогдсон талаар яривал сонин байх болов уу?

-Хандгайтад 2012 онд агаарт гарч яваад нэг гаргүй цаначин залуу гулгаж байхыг харсан юм. Дасгалжуулагч нь бололтой нэг хүн байна. Би өөрөө цаначин болохоор ганц гараар гулгах нь түүнд бас л хэцүү байгааг шууд л мэдэрч байлаа. Цаначин залуу тийм ч сайн гулгахгүй байгааг алсаас нэлээд харж байгаад л хот руу буцсан юм. Дараахан нь телевизээр нэг өдөр мэдээ үзэж байтал нөгөө цаначин залуу  олон улсын тэмцээнд оролцсон талаар гарч байна. Өнөөдөр олны танил болсон пара цаначин Батмөнхийн Ганболд гэдэг энэ залуу 10-аад жилийн өмнө дасгалжуулагчтайгаа хоёулаа л пара цанаар хичээллэн амжилтын төлөө зүтгэж байсан үе л дээ.


Би 2013 онд Герман явахад энэ 2 маань бас тэмцээнд оролцохоор явж таарлаа. Бид танилцлаа. Тэгсэн Ганболд маань Сүхбаатар аймгийнх бүр миний нутаг Онгон сумын дунд сургуулийг төгссөн хүүхэд болохыг мэдлээ. Тэгээд нэг онгоцоор хамт яваад Туркт очлоо, тэнд бас 3-4 цаг түр саатаад 2 тийшээ явахаар болсон юм. Нисэхийнхээ нэг хоолны газар орлоо. Харин тэд хоол идэхгүй байх юм. Тамирчин хүн гадаадад тэмцээнд оролцоход хоол, байр, унаа гээд багагүй зардал гарна, өлсөж, ядарч байж л амжилтад хүрдэг гэдгийн нэг жишээ л энэ шүү дээ. Би Дюсселдорф руу, тэд бас өөр хот руу явахаар боллоо. Тэгээд би тэр хоёрт зуу зуун ам.доллар өгөөд за сайн яваарай гээд салсан.


Тэгээд би ажлаа амжуулчихаад буцаад монгол руугаа явахаар онгоцны буудал дээр ирэхэд тэд бас тэмцээндээ оролцчихоод буцаж байв. Улаанбаатар руу нэг онгоцоор хамт нисээд л бидний нөхөрлөл эхэлж байж билээ. Ингэж л бид сайхан танилцаж, энэ үед 2014 оны Сочигийн олимпын наадам ч ойртсон байлаа. Тэгсэн манай 2 ганцхан цанатай түүгээрээ бэлтгэлээ ч хийнэ, тэмцээндээ ч уралдана. Олимпод уралдахад шинэ цана зайлшгүй хэрэгтэй. Тэгээд л би ерөөсөө та хоёрт цана авч өгье, хаанаас худалдаж авах вэ гэлээ. Тэд “Скай ресорт”-ын дэлгүүрт цана байгаа гэж байна. За тэгээд л хамт очоод цана худалдаж авсан даа.


Цанын Сандагдорж багшийнх Гавьжийн Шандад байдаг юм билээ. Тэндээ манай хоёрт 1 өрөө гаргаад, хоол унд бэлдээд өгчихсөн, тэр нутгийн баруун толгодууд дээгүүр цанын зам гаргачихсан байлаа. Тэгээд л нэг дасгалжуулагч, нэг тамирчинтай Сочигийн паралимпын бэлтгэлээ базаасан даа. За миний авч өгсөн энэ цана мориор бол “Хурдан зээрд” шүү та хоёр минь амжилттай уралдаад Монгол Улсынхаа Төрийн далбааг паралимпын наадамд өндөрт өргүүлээд ирээрэй гээд олимпод үдэж гаргалаа.


Ингээд л 2014, 2018, 2022 оны 3 олимпын цикльд бид хамтарч ажилласан. Одоо бид 4 дэх олимпын циклдээ Монголын пара гүйлтийн цана, биатлоны нэгдсэн холбоог байгуулаад хамтын ажиллагаа маань амжилттай явагдаж байна. 2018 оны Пёнчаны паралимпод 1 тамирчин, 1 дасгалжуулагчтай, би өөрөө багийн ахлагчаар оролцож байлаа. Харин 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын наадамд 2 тамирчин, 1 дасгалжуулагч оролцсон. Тус наадамд Батмөнхийн Ганболдоос гадна Цэгмэдийн Дашдорж гэсэн 2 цаначин оролцож бид багтаа бүл нэмсэн юм.


-Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос 2022 оны шилдгүүдээ шалгаруулахад та болон танай “Дүүрэн трэйд” ХХК “Оны шилдэг ивээн тэтгэгч байгууллага”-аар шалгарлаа. Ер нь Монголынхоо пара спорт, пара цаначдаа өнөөг хүртэл дэмжин ажиллаж байгаа сэтгэгдлээ хуваалцана уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлж, сэтгэлзүйд нөлөө үзүүлснээр тэднийг бусдын адил дотоод их хүч, нөөц, хүсэл тэмүүлэл дүүрэн гэдгийг мэдрүүлэхэд бидний хамтын үйл ажиллагааны гол үр дүн, ач холбогдол оршдог. Тэдний өөрсдийнх нь итгэл, зүтгэлийг нь бадрааж өгөхөд л тэднээс итгэмээргүй хүч, ур чадвар гарч ирж байдгийн тод жишээ бол пара спортын тамирчид юм. Монголын пара спортын тамирчид олон улсад, дэлхийд амжиллтай өрсөлдөж ирсэн олон олон амжилтууд нь үүнийг баталсаар байна. Тэдэнд урам өгч дэмжих нь нийгмийн хариуцлага, үүрэг төдийгүй хүний сэтгэлээс ундарч гардаг сайн үйлс юм. Булган аймгийн уугуул Ж.Дашдондог гэж багш байна. Энэ хүн гэр орон, ар талын ажлаа орхиод л, багшийн цалин хэд билээ, өвөл, зунгүй цаг үргэлж л энэ спортын төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж байхыг харахад үнэхээр  бахархам сайхан. Энэ хүн бол сайн үйлсийн үлгэр дууриалал юм даа.


Би бол яахав дээ, холбооны тэргүүний хувьд баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтын зардал, хувцас, хэрэглэлийг хангах үүрэгтэй. Одоо манай тамирчид Шведэд болох ДАШТ-д оролцоно. Тэмцээнд явах унааны зардлыг улс даана. Тамирчид эх орондоо бэлтгэл хийх гэхээр хүйтэн, хуурайшилтай, цас нь огт өөр, өрсөлдөгч байхгүй гээд олон бэрхшээл тулгарч байгаа болохоор Европод бэлтгэл хийлгэхээр бид зардлыг нь гаргаад сарын өмнө явуулсан. Гадаадад очоод уралдах яг тэр нойтон цасан дээрээ гадаадын олон өрсөлдөгчтэй хамтарсан бэлтгэл хийж, тэдэнтэй найзалж нөхөрлөнө, мөн өөрийнхөө болон бусдын ур чадвар, түвшин, чадвар чансааг мэдрэх гээд олон давуу тал байдаг. Тэгээд бас Финландад олон улсын тэмцээнд оролцоно. Харин тэмцээнээс тэмцээний хооронд тэнд 18 хоног байх зочид буудал, хоол ундны зардлыг бид гаргаж байгаа юм.


-Та пара спортын олон улсын уралдаан тэмцээн болон паралимпын наадмыг дэргэдээс үзсэн хүний хувьд тэндээс төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Анх миний бие БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд ахлагчаар оролцоход, тэнд паралимпын наадамд өрсөлдөх эрхээ хангасан орон орны шилдэг тамирчид цугласан байлаа. Тэнд улсын бүрийн шилдэг тамирчид өөр өөрийн арга барилаар л уралдана. Пара гүйлтийн цанаар манай Ганболдтой хамт бэлтгэлээ базаасан Казахстаны Игорь гэж 42 настай залуу паралимпын аварга болж байв. Ганболд тэр үед 27-28 настай байсан. Энэ нь пара спортын тамирчид бас л олон жил спортоор хичээллэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Тэгэхээр паралимпод өөр өөрийн ангилал, төрөлд 20 болон түүнээс ч дээш насны зөрүүтэй тамирчид ур чадвараа сорино гэдэг хүн бүрт ямар их боломж, хүч нөөц байдаг гэдгийг үнэхээр энэ наадмаас харж, гайхан биширч бахардаг юм билээ.


Өнгөрсөн жил Германд Шварцбал уулын орой дээр, битүү ойн дунд байрладаг цанын баазад очиж бэлтгэлээ базааж байсан юм. Тэгэхэд тэнд амьдардаг Германы пара гүйлтийн цанын алдартай тамирчин Ульрих Тину Монголын тамирчидтай хамт бэлтгэл хийсэн юм. Тэр тамирчин зодог тайлсан хэдий ч манай Ганболд, Дашдорж нартай хамтарсан бэлтгэл хийж, залуу тамирчин Дашдоржид арга техник, тактикаа уйгагүй заасан юм. Энэ бүхнээс харж байхад спорт бол хамгийн шударга өрсөлдөөн төдийгүй хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам илэрхийлэл юм. Тамирчид тэмцээн, уралдаандаа ялан дийлэхийн төлөө өрсөлддөг ч бусад үед тэд найз, нөхөд байж, бие биедээ зааж зөвлөж, мэдлэг, ур чадвараа солилцдог гэдгээрээ спорт үнэхээр гайхамшигтай. Тэр дундаа пара спорт бол тэдний дотоод сэтгэлийн их хүч, урам зоригийг бадрааж тэсвэр тэвчээрийнхээ үр шимээр ялалт, ялагдал, баяр хөөр, аз жаргалыг хүртдэг хүн төрөлхтөний эв нэгдлийн тод илэрхийлэл нь болж байдаг.


Монголлын пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболдын хувьд 10 гаруй жил энэ спортоор хичээллэж 3 паралимпын наадамд оролцсон туршлагатай тамирчин болжээ. Түүний бие бялдар, сэтгэл зүй, биеэ авч яваа зэргээс харж дүгнэхэд, тэр аргагүй л бэлтгэгдсэн дэлхийн тамирчин болсон төдийгүй өндөр чадавхитай бие хүн болж төлөвшжээ гэж би боддог юм. Түүний багш Ж.Дашдондог хэлэхдээ, аав Батмөнх, ээж Алтанцэцэг хоёр бол Ганболдыг төрүүлсэн. Харин би түүнийг хүмүүжүүлсэн гэж хошигнон ярьдаг юм. Үнэхээр Ганболд маш сайн бэлтгэгдсэн тамирчин болсноор залуу тамирчин Дашдоржид бүх талаараа үлгэр дууриалал, эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Тэр ирээдүйд сайн дасгалжуулагч болно гэж боддог.


Монголд пара спортын төрөл болон хичээллэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа төдийгүй амжилт нь ч ахиж байна. Та энэ талаар юу хэлэх бол?

-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс спортоор хичээллэж дэлхийн пара спортын шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөөд, нөхөрлөөд яваа нь бид бүхний бахархал төдийгүй ирээдүйд олон хүүхэд, залууст гэрэл түгээж хүсэл, мөрөөдөл, тэмүүллийг энэ үеийнхэн өгч байгаа нь өөрөө хүмүүнлэгийн сайн үйлс юм даа. Хүний дотоод сэтгэлд асар их хүч, нөөц хуримтлагддаг бөгөөд түүнийгээ гаргаж би чадна, би сурна, би хөдөлмөрлөнө гээд зорьж, хичээвэл ялж, дийлж, хүчирхэг бие хүн болж чадна. Энэ асар их хүчийг өдөөж өгөхөд л бид туслаж, дэмжих ёстой.


Би “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд ахлагчаар оролцоод Олимпын тосгонд албан ёсоор эх орноо төлөөлөн Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулахад үнэхээр бахархалтай сайхан байж, сэтгэл догдолж, огшиж байснаа дурсахад үнэхээр сайхан санагддаг юм.


-Та бас хурдан удмын адуу сонирхдог, олон сайхан хурдан угшлын адуутай юм билээ. Энэ талаараа сонирхуулна уу?

- Манай Сүхбаатар аймаг эртнээс хурдан хүлгийн нутаг. Дарьгангачууд угаасаа л хурдан угшлын адуу, хурдан хүлгээрээ алдартай. Би Монгол Улсын Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш гэж хүний шавь. Миний Авга ах Монгол Улсын Манлай учач Даваажавын Монхор гэж хүн бий. 1999 оны Ардын хувьсгалын 78 жилийн ойн баяр наадамд Д.Монхор ахын “Гээдэн хээр” хязаалан морь түрүүлсэн. Тэр жил энэ хурдан ажнай бүсийн наадам, улсын наадам гээд 3 удаа түрүүлээд байсан юм. Би Дарьгангын 5 гарын ноёны нэг Хоньчин шарын Рэнчин Даа гэдэг хүний удам. Миний өвөө Ханддорж гэж нутгаасаа Улсын бага хуралд сонгогдож байсан хүн байдаг. Тэр хүн бас л морь уядаг байлаа.


-Энэ жил танай нутагт өвөлжилт ямар байна. Адуугаа хаагуур нутаглуулж байгаа вэ?

-Өвөлжилт алаг цоогдуу л байна. Яг манай нутаг Онгон Шар модны орчимд их цастай. Тэнд өнгөрсөн жил өвс муухан ургасан болохоор зарим нь оторлосон байгаа. Отрын нутаг бэлчээрт бол сайхан байнаа. Манай их адуу аймгийн төвөөс хойш 70 км-т Амгалангийн Тариат, Чигчийт гээд Баянцагааны талын залгаа нутагт байгаа. Энд жижиг жижиг толгодуудтай, нөмөр нөөлөг ихтэй, адууны л бэлчээр нутаг даа. Уяж хурдлуулдаг хүлгүүд маань ах дүүс дээр тэжээл өгөөд л өвөлжиж байгаа. Дан монгол адуу бий.


-Хурдан хүлгүүдийнхээ амжилтаас онцолж дурдвал?  

-Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадамд ах дүүстэйгээ нийслэлд 2 Зил 130 машинтай хоёр чиргүүлд ачсан морьдтой ирж уралдаж байлаа. Тэгэхэд манай “Улаан азарга” Сүхбаатар аймагт 3 айрагдчихсан байсан юм. Түүнээс хойш л улсад өөрийн адуугаа сойж хурдлуулж байгаа. Мөн Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор миний “Оонон хар” улсын наадамд долоод давхисан. Бүсийн наадамд бол хэд хэд айрагдаж байлаа.


-Монгол адууны угшлыг сайжруулна гээд өнөө үед эрлийзжүүлэх болсон. Энэ талаар таны бодлыг сонсоё?

-Жинхэнэ монгол адуу бол үнэхээр гайхамшигтай. Монгол адуунд тэсвэр тэвчээр, хурд, авир гээд монгол хүнд л тохирсон байгалиас заяасан гайхалтай хосгүй чанарууд олон байдаг. Хүн шиг өөр өөр араншинтай байдаг, зарим нь маш тайван амгалан адуу байхад, зарим нь маш хөнгөн гэгэлзсэн сэтгэлтэй байх жишээтэй. Мөн хүйтнийг даах чапвартай, өл даана, хол замыг туулах чадвар өндөр гэдгээрээ гайхалтай. Энэ хосгүй чадвараар нь Монгол адууг гүйцэх адуу дэлхийд байхгүй дээ. Одоо адууг эрлийзжүүлээд байна гэдэг бол тодорхой зайд хурдлуулаад урд нь гарч хэргэм, зэрэг авах гэсэн л санаа зорилго юм даа. Огт өөр бүтэцтэй адууг, монгол адуутай эрлийзжүүлээд л бай шагнал авч байгааг би бол ташаадаггүй. Хүн хүний үзэл бодол өөр юм даа.


-Та ямар мэргэжилтэй,  “Дүүрэн трэйд” ХХК ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар сонирхуулна уу?

-Би усны байгууламжийн инженер мэргэжилтэй. Манай компани усны барилга байгууламж, барилга угсралтын ажил хийж байгаа. Сүхбаатар аймгийн цэвэр усны системийг 26-27 насандаа ашиглалтанд өгч байлаа. Энэ систем Баруун-Урт хотын өмнөх говийн гүнээс ус татсан бөгөөд 34 км дамжуулах шугам, 5 усны насосын станцтай, хотын сүлжээтэй бүтээн байгуулалт юм. Улаанбаатар хотын ундны усны дээд эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажилд оюутан байхдаа ажиллаж дараа нь нийслэлийн усан хангамжийн олон ажилд оролцож байжээ. Мөн Архангай аймгийн цэвэр ус, Дундговь аймгийн Олгойн говьд болон Улаанбаатарын Шархад, Нисэхийн цэвэр усны системүүд, сүүлд “Буянт Ухаа” I, II хорооллын 10 км урт цэвэр усны шугам, Бээжингийн гудамжны цэвэр, бохир, дулаан, цахилгаан, интернэт зэрэг инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2013 онд хийсэн. Бидний ажил бол дэд бүтэц, барилга байгууламжийн гол судсыг нь гардан хийдэг гэдгээрээ онцлогтой юм. 








Холбоотой мэдээ