Италид эрэн сурвалжлагдаж байсан мафийн толгойлогчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-17 11:01:53

РОМ. /BBC/. Италийн цагдаа нар сүүлийн 30 орчим жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан мафийн толгойлогч Маттео Мессина Денарог даваа гарагт баривчилжээ.


Сицилийн нийслэл Палермо хот дахь нэгэн хувийн эмнэлэгт хорт хавдрын эмчилгээ хийлгэж байхад нь түүнийг баривчилсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэрбээр химийн эмчилгээ хийлгэхээр хуурамч нэрээр уг эмнэлэгт ирж байсан бололтой байна. 


Өдгөө 60 настай М.Денарог Италийн цуутай “Коза Ностра” мафийн толгойлогч гэж үздэг бөгөөд 1992 онд мафийн хэргүүдийг мөрдөн шалгаж байсан хоёр прокурорын амь насыг хөнөөх хэргийг зохион байгуулсан, 1993 онд Милан, Флоренц, Ром хотуудад дэлбэрэлт үйлдсэн, мөн мафийн гишүүн байсан ч хэргийн гэрч болсон эрэгтэйн 11 настай хүүг хулгайлж, хөнөөсөн зэрэг хэргээр бүх насаар хорих эчнээ ял оноож байжээ.


Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони гэмт этгээдийг баривчилсан явдал нь тус улсын хувьд мафийн өмнө бууж өгөхгүй гэдгийг тодотгон харуулсан томоохон ялалт болсныг цохон тэмдэглэсэн байна. Баривчлах ажиллагаанд цагдаа, цэргийн 100 гаруй алба хаагч оролцжээ. 

Холбоотой мэдээ