Нүүрс тээврийн үйлчилгээг худалдан авах тендерт 218 компани саналаа ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-19 07:12:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хил нөхцөлөөр нүүрс борлуулахтай холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 19-нд 30 хоногийн хугацаатай зарласан юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер хүлээн авах эцсийн хугацаа өчигдөр 9.30 цагт дуусаж, тендерийн нээлтийг 9.50 цагт нээхэд нийт 218 компаниас 23 багцад 377 тендер ирүүлжээ


Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг шуурхай хийж, 1 дүгээр сарын 18-ны өдөрт багтаан шийдвэрийг хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлсэн юм. Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд 6 удаа сургалтыг зохион байгуулж, тендерийн өмнөх уулзалтыг энэ сарын 12-ны өдөр 290 хүнийг оролцуулан зохион байгуулсан байна.


Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах үүргийг даалгасан билээ.

Холбоотой мэдээ