Малчид сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ Европ руу экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-19 14:37:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА МҮХАҮТ-тай хамтран ХАА-н салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төслийг хэрэгжүүлэв.


“Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)-д Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл дэмжигдэн амжилттай хэрэгжив.


Төслийн үр дүнд орон нутагт экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ. Малчдын хувьд хаягдал түүхий эд болоод байсан сарлагийн хөөврийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Европын холбоо руу экспортолж байна.


Төслийн хүрээнд сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтын тоног төхөөрөмжийг шинэчилжээ. Испани улсад үйлдвэрлэсэн, бүрэн автомат угаалгын машин, хатаагч, уурын индүүтэй болсноор угаах, хатаах хэсэгт хүний оролцоог халсан бол индүүдлэг хийх цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж чаджээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эцсийн шатанд олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний чанар, стандарт сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэж байна.


Төслийг хэрэгжүүлэгч малчид Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах гэрээний дагуу Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоогоор дамжуулан малчдын хоршоодоос түүхий эдээ бэлтгэн авдаг болжээ. Энд нийт 3000 гаруй малчин өрх хамтран ажиллаж байна. 

Холбоотой мэдээ