ГОВЬ-АЛТАЙ: Малчид өөрсдийн хүчээр үйлдвэр байгуулж, түүхий эдийг орон нутагтаа боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-26 11:37:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараар ахлуулсан ажлын баг энэ өдрүүдэд Эрдэнэ, Цогт, Цээл суманд ажиллаж, багийн иргэд нийтийн хуралд оролцож, малчидтай уулзаж санал бодлоо солилцож байна.


Тодруулбал, малчид нэгдэж үйлдвэр байгуулах ажилд аймаг орон нутаг, Монгол Улсын Засгийн газрын зүгээс бодлого шийдвэрийн хүрээнд үзүүлэх тусламж, дэмжлэгийг танилцуулан

“Хамтрах уу Хоцрох уу? 

Нэгдэх үү Үлдэх үү? 

Хорших уу Хөгжих үү?” сэдвийн хүрээнд малчидтай санал солилцлоо. 


Мөн үеэр малчид өөрсдийн хүчээр үйлдвэр байгуулж, хувьцаа эзэмших, тэрхүү хувьцаагаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, малын гаралтай түүхий эдийг орон нутагтаа боловсруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд бүхий л боломж нөхцөлөө дайчлан хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.


Үүний зэрэгцээ “Алтайн малчдын түншлэл-88” төсөл хэрэгжүүлэх ажлын багийн төлөөллүүд Улаанбаатар хот болон зарим аймгийн үйлдвэрүүдтэй танилцаж, туршлага судлах явцдаа үйлдвэрийнхээ гол түүхий эд нийлүүлэгчид нь бид өөрсдөө байх тул малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх, бод, бог малыг гаршуулан сүү саалиа тогтмол авч хэвших, ноолуураа самнахдаа хялгасгүй, цэвэр байх тал дээр нь анхаарах, ноосыг буддаггүй, хоггүй, шарлуулалгүй авч хэвших нь үйлдвэрлэх, боловсруулах явцад хаягдал, ажиллагаа багатай байж, чанартай бүтээгдэхүүн гарах нэг үндэс суурь нь болох юм байна гэдгийг сайтар ойлгосон тухайгаа багийн малчдадаа хуваалцсан тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ