Д.Амарбаясгалан: Ард нийт дэмжээгүй тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батална гэсэн ойлголт байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2023-01-25 15:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр, “МАН нь Үндсэн хуульд өөрчлөлт хийх шаардлага бий гэж үзэж буй. Гэхдээ өөрчлөлт хийх асуудлыг олон нийт, тэр дундаа Зөвлөлдөх санал асуулга болон иргэдийн дунд явуулах санал асуулгад үндэслэн шийдвэрлэх боломжтой юм. Гэхдээ шинээр Үндсэн хуулиа бичиж батална гэхэд өнөөгийн нийгэмд бид хийж чадах уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Нэгдүгээрт, шинэ Үндсэн хуультай болох тохиолдолд заалт тус бүр дээр ярилцах шаардлага үүснэ. Энэ нь өнөөгийн цаг хугацаа, нөхцөл байдалтай холбож үзвэл богино хугацаанд хийх асуудал биш. Үндсэн хууль судлаачид ч ийм байр суурийг илэрхийлж байгаа.


Үндсэн хуулиа шинээр бичих шаардлага үүссэн гэж Монголын ард түмэн үзвэл бичих, улмаар батлах гээд багадаа 2-3 жил болно. Манай намын зүгээс өнгөрсөн оны 5 дугаар сард илэрхийлж байсан байр суурийг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал, парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн тогтолцоонд санал гээгддэггүй холимог системийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гишүүдийн тоог нэмсэнээр энгийн иргэд парламентад сууж, тал талын төлөөлөл УИХ-д орж ирэх нь юу юунаас илүү чухал.


Можатарор тогтолцоог улстөрийн намууд ч, иргэд ч байнга шүүмжилж ирсэн. Нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын шалтгаан дээрх тогтолцоотой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Учир нь, нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигч хамгийн өндөр санал авсан тохиолдолд УИХ-ын гишүүнээр сонгогддог. Гэтэл үлдсэн 75 хувийн санал авсан төлөөлөл парламентад орж ирэхгүй байгаа нь сул тал юм. Иймд энэхүү сул талыг эрх баригч намын зүгээс арилгаж, олон түвшний олон иргэнийг төлөөлж чаддаг чадамжтай байх ёстой. Үүний зэрэгцээ олон намын оролцоог хангасан тогтолцоог бий болгож байж, нийгэмд үүсээд буй тулгамдсан асуудлуудыг цэгцлэх боломж бүрдэнэ гэж үзэж буй.


Мөн саяхан Үндсэн хуулийг баталсан депатутууд, улс төрийн намуудын төлөөлөл, төв талбайд жагссан залуусыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Энэ үеэр улстөрийн намуудын төлөөлөл болон иргэдийн зүгээс Үндсэн хуульд шинэчилсэн найруулга хийх нь зөв гэсэн бол нөгөө талдаа ямар нэг шинэчилсэн найруулга гэж байхгүй. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлээд, дагалдах органик хуулиудад өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Эдгээр хувилбарыг эрх баригч нам дагаж хэрэгжүүлэх боломжтой гэдэг дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Юутай ч МАН засгийн эрхийг барьж буй хугацаандаа төрийн ойлгомжгүй харилцаанаас үүдэн олон нийтийг бухимдуулж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө аливаа алхмыг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлье” гэлээ.


Түүнчлэн тэрбээр "Шинэ Үндсэн хуулийн аливаа хэлбэр яригдсан тохиолдолд өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд ард нийтийн санал асуулгыг явуулсны үндсэн дээр дэмжлэг авсан тохиолдолд шинэ Үндсэн хуулийн асуудлыг хөндөх гарц нээгдэнэ. Ард нийт дэмжээгүй тохиолдолд аль нэг Засгийн газар, нэг нам давамгайлсан парламент дангаараа батална гэсэн ойлголт байхгүй" гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн юм.

Холбоотой мэдээ