Их хэмжээний ёншгой олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХэдхэн хоногийн өмнө Дундговь аймгийн нэгэн сумын нутаг дэвсгэрээс нутгийн иргэд их хэмжээний мөнгөн зоос олсон талаар тус сумын иргэн Х ярьсан юм. /газар нутгийн нэрийг нууцалсан болно/
Тус сумын малчин залуу санамсаргүй тохиолдлоор муутуу цаасанд ороож булсан мөнгөн зооснуудыг олсон бөгөөд ах дүү нарын хамтаар түүнийг ухаж гаргасан байна. Тэднээс гадна сумын зарим иргэд ч байжээ. Ойролцоогоор 3 мянга орчим ёншгой, мөн томоохон хоёр мөнгөн ембүү гарсан байна. Иргэд эртний эдлэл худалдан авагчдад зоос нэг бүрийг 100-145 мянган төгрөгөөр, ембүүг 15 орчим сая төгрөгөөр худалдсан бөгөөд оюутан, сурагчдын хичээлийн бэлтгэл хангах, сургалтын төлбөр төлөх зэргээр хөдөөгийн иргэдэд бэлэн мөнгөний хэрэгцээ ид шаардагддаг энэ үед санхүүгийн дарамтаас гарах таатай боломж болсонд иргэд олзуурхаж байна.
Ёншгой нь 1913- 1921 он хүртэл Монгол улсад мөнгөн тэмдэгт болж, гүйлгээнд гарч байсан мөнгөн зоос юм. 1911 онд Юань Ши Кай гэгч манжийн ноёрхлыг унагааж, Дундад иргэн улсыг ноёрхох үедээ өөрийн дүр бүхий долоон цэнгийн мөнгөн зоос гаргасан нь энэ бөгөөд ингэж мөнгөн зоос гүйлгээнд гаргасан нь Монголыг өөртөө нэгтгэх гэсэн оролдлогын нэг хэлбэр байсан ажээ.
Юань Ши Кай гэдэг нэр монголчлогдож ёншгой гэгддэг болсон гэх бөгөөд Юань Ши Кай нь 1916 онд нас барж, улмаар 1921 онд Монголд Ардын хувьсгал ялснаар эл зоосыг мөнгөн гүйлгээнээс гаргасан байна.
Нэг ёншгой 7 цэн буюу 26 орчим грамм жинтэй, цэвэр мөнгөн зоос бөгөөд Монголын зах зээлд нэг бүр нь 100- 150 орчим мянган төгрөгийн ханштай байдаг ажээ.
Т. Отгонтуяа