АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-26 16:43:30

ВЕРМОНТ. /Nature/. АНУ-ын эрдэмтэд Аризона муж улсын нутгаас 220 сая орчим жилийн өмнө буюу Триасын эриний сүүл үед амьдарч байсан хамгийн эртний хөлгүй, сээр нуруугүй амьтны чулуужсан үлдэгдэл олжээ. Энэхүү нээлт нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлууллаа гэж тус улсын “Virginia Tech” их сургуулийн хэвлэлийн алба лхагва гарагт мэдэгдсэн байна. 


“Палеонтологийн хамгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чулуужсан үлдэгдлийн эрэл хайгуул ямар ач холбогдолтойг  энэ олдвор дахин нотоллоо. Би энэ олдворын хоёр эгнээ шүдийг хараад хөлгүй, сээр нуруугүй амьтдын хамгийн эртний төлөөлөгч гэдгийг шууд ойлгосон. Ийм олдвор амьдралд нэг л удаа тохионо” гэж “Virginia Tech” их сургуулийн судлаач Бен Клигман хэлжээ. 


Дэлхий дээр гурван төрлийн хоёр нутагтан (газар, уснаа явагч гэж бас нэрлэдэг) байдаг. Үүнд хамгийн түгээмэл нь сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан, харьцангуй ховор төрөл болох хөлгүй хоёр нутагтан-өт багтдаг ажээ. Гадаад төрхөөрөө эдгээр амьтад мэлхий, гүрвэл зэрэг сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан амьтдаас илүүтэй өт эсвэл могой загастай илүү төстэй байна. 


Сүүлийн хэдэн арван жилд палеонтологичид болон генетикчдийн хооронд хөлгүй хоёр нутагтан хэрхэн, хэзээ үүссэн талаар ширүүн маргаан өрнөсөөр байгаа билээ. Нэг талаас, өт хорхойн генийн шинжилгээ нь эдгээр хоёр нутагтан амьтад 370-270 сая жилийн өмнө буюу Цэрдийн болон Пермийн эрин үед, өөрөөр хэлбэл үлэг гүрвэлүүд үүсэхээс хамаагүй өмнө үүссэн болохыг баталдаг. Нөгөөтээгүүр, одоогоор олдоод байгаа олдворуудын хамгийн эртнийх нь Юрийн галавын эрин үед хамаарах бөгөөд тэдгээрийн нас нь ойролцоогоор 185 сая жил юм.


Дэлхийн хамгийн эртний хоёр нутагтан

Клигман болон түүний багийнхан Аризонагийн баруун хойд хэсэгт орших “Petrified Forest” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олдсон энэхүү чулуужсан олдворыг судалснаар, дээр дурдсан маргааныг шийдвэрлэхэд томоохон алхам хийжээ. Тус хүрээлэнгийн нутаг дэвсгэрт Триасын сүүл үед үүссэн олон тооны эртний амьтдын чулуужсан үлдэгдэл, чулуужсан модод байдаг.


Энэхүү дархан цаазат газраас Клигманы судалгааны баг урьд нь үл мэдэгдэх хөлгүй хоёр нутагтан амьтдын эрүү, их биеийн үлдэгдлийг олжээ. 


Эрдэмтэд олдвороо “Ohio Players” хамтлагийн “Funky Worm” дууны нэрээр болон Америкийн алдарт палеонтологич Нед Гилморыг хүндэтгэн  “Funcusvermis Gilmorei” хэмээн нэрлэсэн байна. 


Судлаачдын хэлснээр, эдгээр олдворын нас нь ойролцоогоор 220 сая жил бөгөөд энэ нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлуулж байна. 


Эдгээр хоёр нутагтан амьтны бие нь хэдхэн сантиметрийн урттай, маш бага жинтэй байсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

“Funcusvermis Gilmorei” нь одоо үеийн хөлгүй хоёр нутагтан амьтдаас ялгаатай нь мэлхий, гүрвэлтэй илүү төстэй байсан бол ойрын төрөл нь орчин үеийн сүүлгүй хоёр нутагтан амьтдын өвөг болох устаж үгүй болсон диссофорид темноспондилууд гэж нэрлэдэг хоёр нутагтан амьтад байжээ. Мөн Триасын эрин үед экваторын ойролцоо байсан Аризона муж улсаас энэхүү олдвор олдсон нь уг хоёр нутагтан-өт нь өнөө үед ч ихэвчлэн тохиолддог дэлхийн экваторын бүс нутагт анх амьдарч байсныг нотолж байна гэж палеонтологичид дүгнэжээ.

Холбоотой мэдээ