Иргэний нийгмийн өдөр: 23614 ТББ үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-01-31 14:36:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын 31-нийг “Иргэний нийгмийн өдөр” болгожээ.


Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Төрийн бус байгууллагууд (ТББ)-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан энэ өдөр бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн өдөр байх учиртайг онцолжээ. Улсын хэмжээнд эдүгээ 23614 ТББ үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Иргэний нийгэм нь төрийн зохион байгуулалтын зэрэгцээ иргэдийн идэвхтэй амьдралын хэв маяг оршиж байдаг тухай эртний Грек, Ромын сэтгэгчид анх тэмдэглэжээ. Улмаар 18 дугаар зууны сүүл, 19 дүгээр зууны эхэн үеэс “иргэний нийгэм” гэдэг ухагдахуун, бие даасан ойлголт болжээ. Уг ойлголтыг хөгжүүлэхэд Т.Гоббс, Г.Гегель, И.Кант, К.Маркс нар болон  М.Вебер, П.Сорокин, С.Франк, Г.Алмонд, К.Поппер нарын сүүлийн үеийн сэтгэгчид гол үүрэг гүйцтгэжээ.


Иргэний нийгэм гэдэг ойлголтыг хамгийн өргөн утгаар нийгмийн хөгжлийн тодорхой төлөв байдал, иргэн бүрийн хувийн эрх чөлөө, сонирхлыг дээдэлсэн нээлттэй нийгмийн тогтолцоо гэж үздэг юм.

Холбоотой мэдээ