“Анхны гуравдагч хөрш”-тэй түншилсэн нэгэн жарны хураангуй түүх

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-01-30 11:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүхэл бүтэн 15 жилийн турш элдэв саад бэрхшээлийг туулсны эцэст БНМАУ 1961 онд НҮБ-д элсэж, олон улсын тавцанд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Манай улсын гишүүнчлэлийг дэмжин санал өгч байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс тухайн үеийн “хөрөнгөтөн” гэгдэх орнуудын дотроос хамгийн түрүүнд буюу 1963 оны 1 дүгээр сарын 23-нд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоожээ.


Манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөхөд чухал түлхэц болсон, социализмын үеийн хэллэгээр “Өрнөдийн” гэгдэх орнуудтай харилцаа тогтоох эхлэлийг тавьсан энэхүү үйл явдлаас хойш нэгэн жаран өнгөрчээ.

Дипломат харилцаа тогтоосноос хойших 27 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд социалист, капиталист гэсэн хоёр лагерьт хуваагдаж, “Хүйтэн дайн” ид хүчээ авч байсан нь хоёр орны харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь мэдээж. Энэхүү түүхэн нөхцөл байдлаас шалтгаалан 1963-1990 оны хооронд талуудын харилцаа идэвхтэй бус, гол төлөв хоёр жил тутамд баталдаг “Соёлын солилцооны хөтөлбөр”-ийн хүрээн дэх харилцаагаар хязгаарлагдаж байлаа. Тодруулбал, 1971-1973 оны хөтөлбөрт ном хэвлэл, гэрэл зураг солилцоо, англи хэлний сургалт гэсэн 8 төрлийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцож байсан гэх мэт. Ном хэвлэл утга зохиолын талаар жишээ татахад, өдгөөгийн 50-иас дээш настнуудын дунд Английн зохиолч Жеймс Олдрижийн бичсэн “Гайхамшигт монгол морь” гэдэг номыг уншаагүй хүн бараг үгүй болов уу. 1970-аад оны эхээр Лондонд суугаа БНМАУ-ын ЭСЯ-ны санаачилгаар дэлхийд алдартай Британника нэвтэрхий тольд Монголын тухай товч материалуудыг оруулж эхэлсэн гэх мэт жишээг дурдаж болно.     


Гэхдээ “Хүйтэн дайн”-ы улмаас улс төрийн харилцаа бүрмөсөн хаягдаж орхигдсон гэж хэлж боломгүй. Их Британийн парламентын төлөөлөгчид 1970 онд Монголд, БНМАУ-ын АИХ-ын төлөөлөгчид 1972 онд Их Британид хариу айлчлал хийж байжээ.

зургийн тайлбар: БНМАУ-аас Их Британид суух анхны элчин сайд Дэлэгжунайн Балжинням Английн Хатан хаанд Итгэмжлэх жуух бичгээ гардуулахаар явахын өмнө


Иймэрхүү идэвхгүй даруухан” байдлаар хоёр улсын харилцаа хөгжсөөр 1990 онтой золгох үед дэлхийн улс төрийн амьдралд эрс өөрчлөлт гарч, социалист систем нуран унаснаар үзэл суртлын шалгуураар гадаад харилцааг зохицуулж ирсэн зарчим таягдан орхигдов. Үүний оронд улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон тулгуурт гадаад бодлого, “гуравдагч хөрш”-ийн бодлогын үндэс суурь тавигдлаа. 


Манай улсад өрнөсөн ардчилал шинэчлэлийн үйл явцыг Их Британи улс анхнаас нь тууштай дэмжиж ирсний тод жишээ бол 1991 онд болсон “G7”-гийн уулзалтын мэдэгдэлд Монголын улс төр, эдийн засгийн шинэчлэлийн ололт амжилтыг дэмжихийг уриалсан явдал юм. Мөн 1993 онд Их Британи улс Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжсэн мэдэгдэл гаргалаа. Түүнчлэн 2012 онд Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад /ЕАБХАБ/ элсэхэд олон жилийн турш тууштай дэмжиж ирсэн улс бол Их Британи юм.


1990 оноос хойш хоёр орны харилцаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсүүд дээр тулгуурлан гүнзгийрэн хөгжсөөр байна.  1996 оны 4 дүгээр сард Ерөнхийлөгч П.Очирбат Их Британид айлчилж, тус улсын Хатан хаан II Элизабетад бараалхсан нь манай талаас хийсэн анхны төрийн айлчлал байлаа.  Харин 1993 оны 7 дугаар сард Хатан хаан II Элизабетийн охин Эрхэмсэг гүнж Анна манай улсад зочилсон нь Их Британийн зүгээс хийсэн төрийн дээд хэмжээний айлчлал юм. 

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Их Британи улс монгол залуусын боловсролд томоохон хөрөнгө оруулалт хийж буйн нэг жишээ бол Чевнинг тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй хүн уг хөтөлбөрт хамрагджээ. Түүнээс гадна, манайд амжилттай хэрэгжсэн Кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх сонирхолтой байна. Сүүлийн үед Их Британид суралцаж буй монголчуудын тоо эрчимтэй өсөж, одоогоор 300 орчим  оюутан тус улсад суралцаж байна. 


Дэлхийн хэл гэгдэх англи хэлийг Монголын зэвсэгт хүчний дайчдад зааж сургах тал дээр Их Британийн засгийн газар ихэд анхаарч, “Энхийг сахиулахын англи хэл” төслийг амжилттай хэрэгжүүлснээр 450 цэргийн албан хаагч янз бүрийн шатны англи хэлний мэдлэгтэй болж чаджээ.


Монголд ашигтай худалдааны тэнцэл


Хэдийгээр Монгол, Их Британи хоёр улс газарзүйн хувьд бие биенээсээ алслагдсан /9 мянган км/ боловч хоёр талын худалдааны харилцаа харьцангуй өндөр түвшинд хөгжсөөр ирснийг тэмдэглэх нь зүйтэй. 1970 онд “Whitlay and Zwanberg limited” гэдэг компани Монголоос 540 тн ясны гурил, хатаасан цус худалдан авахаар гэрээ байгуулсан нь хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцааны эхлэлийг тавьсан гэж үздэг. Улмаар 1973 онд барууны өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн түрүүнд манай улстай Засгийн газрын түвшинд худалдааны хэлэлцээр байгуулсан улс бол Их Британи гэдгийг хэлэх нь зүйтэй. Сүүлийн үеийн жишээ гэвэл, манай улсад хэрэгжиж буй уул уурхайн мега төсөл болох Оюутолгойн уурхайг байгуулахад Их Британийн “Рио Тинто” үндэстэн дамнасан корпораци хөрөнгө оруулсан нь мөн л анхдагч болоод байна.  Түүнээс гадна, хоёр тал Монголын Хөрөнгийн биржийг өөрчлөн зохион байгуулахад чиглэсэн Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан нь хурдацтай өсөн тэлж буй Монголын хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжийг бүрдүүллээ.


Их Британи улс Монголын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг болсон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 700 сая орчим долларт эргэлдэж байна. Үүнээс 660 сая доллар нь Монголоос экспортолж буй алт, самнасан ноолуур, үнэт чулуун эдлэлийн үнэ гэдгийг тооцвол Их Британитай хийж буй худалдаанаас монголчууд бид чамгүй ашиг олдог байх нь.  

Европын Холбооны зүгээс ардчилал, сайн засаглалыг амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын экспортыг дэмжих хөтөлбөрийг 2005 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс тус холбооны гишүүн 28 оронд бараа бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортолсоор ирсэн.


Харин одоо Их Британи улс ЕХ-ноос нэгэнт гарсан тул Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулж, Дэлхийн Худалдааны байгууллагын ерөнхий нөхцлөөр худалдаа хийх учраас манайд ирэх ашиг буурна. Иймээс Брекситийн дараа гарч буй өөрчлөлтүүдийг хоёр талын харилцаанд аль болох хохиролгүйгээр, нааштай талаас нь тусгаж, хамтын ажиллагааны эрчийг сааруулахгүйгээр цаашид хөгжүүлэхийн тулд идэвх санаачилгатай ажиллах нь чухал болой.


Үндэснийхээ уламжлалыг хадгалахын зэрэгцээ техник технологийн өндөр түвшинд хүрч чадсан, дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлогч гүрнүүдийн нэг болох Их Британитай харилцан ашигтай хамтран ажиллах нь Монгол Улсын явуулж буй гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. 

Холбоотой мэдээ