Монгол омогшлийн эзэн Хакүхо

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2023-01-30 16:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арлын Японыг авъяас чадлаараа бишрүүлсэн их ёкозүна Хакүхо М.Даваажаргал хоёрхон хоногийн өмнө зодог тайлах албан ёслолоо үйлдэж, үсээ засуулан Магаки нэртэй болов.


Сүмо бөхөд хөл тавих гэж 2000 онд очоод хэтэрхий туранхай хэмээн гологдож, арга тасран Монгол руугаа буцахын даваан дээр сүмогийн монголчуудын анхдагч “алтан хараацай” кёкүшюзан Д.Батбаярын дэмээр "Мияагино" дэвжээний багштай уулзаж шалгуулан сүмогийн дэвжээн үлдэх эрхээ авч байсан М.Даваажаргал өдгөө мэргэжлийн дэвжээнд 20 жил барилдаж, нийт 1187 ялалт байгуулж, дахин давтагдашгүй, ирээдүйд хэн ч эвдэх боломжгүй, агуу амжилтыг тогтоосон ёкозүна их аварга болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, олон жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхөд Ж.Мөнхбат аваргын хүү Хакүхо М.Даваажаргал 45 түрүүтэйгээр тасархай тэргүүлж, мянган жилд эвдэгдэхгүй мөнхийн амжилт тогтоосон гэсэн үг. Түүний аав алдарт Ж.Мөнхбат аварга анх 1964 онд Токиогийн зуны XV олимпийн наадамд оролцсон бол хүү нь анх 2001 онд Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд гарчээ.


Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давж 45 дахь удаагаа цом өргөсөн тэр агшинг спортынхон одоо ч бахархан ярьсаар байдаг. Ковид-19 болон өвдөгний бэртлийн улмаас 6 башё дараалан бүтэн барилдаж чадаагүй өнгөрүүлсний хойно, Эзэн хааны цомыг хүртэхдээ Хакухо “Баруун өвдөг маань хүссэн шиг байж чадаагүй ч энэ насан дээрээ ганц ч унаагүй түрүүлнэ гэж бодсонгүй. Би үнэхээр жаргалтай байна” хэмээгээд “45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа” гэдгээ хэлж байлаа. Тэрбээр "Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Ердөө ганц л зорилготой би энэ башёд зодоглосон. Энэ бол "Токио-2020" зуны олимпийн нээлтийн тугийг өргөж жагсах явдал юм. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпийн сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч, Монгол Улсаа олимпийн тэнгэрт мандуулсан, "Токио-1964" олимпод монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга-аав Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол Улсын далбааг Олимпийн тэнгэрт мандуулсан, аав минь миний эхлэл...бөх аавын хүү би их азтай хүн, гэхдээ аз хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг" гэсэн нь олон хүнийг огшоосон, хүн бүрийн сэтгэлд хүрч, зүрхэнд шивсэн үг байсан юм. Тийм ээ, Хакухо хэлсэндээ, зорьсондоо хүрсэн.

Хоёр жилийн өмнө ингэж хэлээд спорт сонирхогчдыг баярын нулимстай, хайр хүндлэлтэй нь хамт омогшуулж байсан бол өдгөө дахин элэг нэгт монголчуудынхаа их хайранд өлгийдүүлэн их спортоос зодог тайллаа. Наран улсын өнө эртний түүхтэй энэ барилдаанд өвөрмөц нэгэн өнгө нэмж, тэр хэрээрээ өрсөлдөөн бий болгож, үзэгчдийг соронздон татах хэмжүүр болсон зүйл нь яалт ч үгүй монгол бөхчүүд байсан гэхэд хэтийдэхгүй биз. Энэ үнэхээр бахархмаар биш гэж үү. Үндэсний уламжлалаа хадгалсан, өөрийн гэсэн өвөрмөц дэг жаягтай сумо бөхийн түүхэнд, хүний нутгийн дэвжээнээ Монголын бөхчүүд ийнхүү манлайлсаар ирсэнд бид омогшихгүй бол өөр хэн омтгойрох билээ. Тэр бүхний магнайд яах аргагүй ёкозүна Хакүхо байсан.  Хакүхогийн шүтээн бөх бол их аварга Тайхо. Их аварга Тайхог таалал төгсөхөөс өмнөхөн, хамгийн сүүлд Хакүхо тэр хоёрыг уулзахад түүхэн амжилтын эзэн Тайхо М.Даваажаргалд хоёрхон зүйлийг аминчлан захижээ. Эхнийх нь “Чи ямагт өөрийгөө дайчилж, урагшаа тэмүүлж яв” гэдэг захиас. Ингэснээрээ Их аварга Тайхо өөрийнхөө тогтоосон амжилтыг эвдэх зөвшөөрлийг талын Монголын хүүд тамгалж өгсөн хэрэг. Яаж ч бодсон цэл залуухан М.Даваажаргал урагш тэмүүлсээр байна гэдэг түүний тогтоосон түүхэн амжилтыг эвдэнэ л гэсэн үг шүү дээ. Бөх хүний их ухаан гэж үүнийг л хэлэх байх. Хоёр дахь захиас нь “Миний дэвжээг ахалж яваарай” гэдэг үг. Их аваргын зүрхээр дамжсан сэтгэлийн энэ үг манай М.Даваажаргалыг Наран улсын иргэн болоорой гэж нууцхан захисан гэрээслэл гэлтэй. Юутай ч, насан хийгээд цусан өөр энэ хоёр их аваргын сүүлчийн уулзалт үндэстэн ястан харгалзахгүйгээр бөх хүний холын ухаан болоод жудгийг харуулаад байгаа нь манайханд их л үлгэрлэмээр жишиг санагддаг. Есөн жилийн өмнө ийм үйл явдал өрнөж байсан бол одоо байдал огт өөр болсон. Хакүхо иргэншлээ сольж, дэвжээ ахлах эрхтэй болсон төдийгүй Тайхо их аваргын амжилтыг эвдээд зогсохгүй өөрөө түүхэн амжилтын эзэн болсон. Нэг ёсондоо сүмо бөхийн амьд домог болсон гэсэн үг. Өдгөө түүний энэ амжилтыг эвдэх хүн энэ зуунд үгүй хэмээн Японы хэвлэлүүд бичиж байгаа. Үнэхээр ч ийм ялгуусан амжилтыг эвдэх хүн хэзээ гарч ирэхийг таашгүй юм. Тийм болохоор л Хакүхогоор бахархах монгол омогшил төрөөд байгаа хэрэг.


Японы мэргэжлийн сумогийн их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол сүр дуулиантай болж, Токио хотын “Рёоүокү Кокүгикан” ордон үзэгчдээр дүүрч, тэр дэвжээнээ сүүлчийн ёслолын барилдаанаа хийлээ. Тэгэхдээ ирээдүй цагийн гурван хөвүүнтэй барилдав. Тэдгээр нь дархан аварга Өсөхбаярын хүү Дэмиджамц, Асашёорюүгийн төрсөн эгч Батжаргалын хүү бас өөрийнх нь хүү Махато нар байв. Өөрийнхөө хүүтэй хамгийн сүүлд барилдаж хүүгээ дэвжээнд үлдээгээд бууж байна. Энэ бол зүгээр нэг үзүүлбэр бус гурван цагийн хэлхээс, үр удмын тасралтгүй үргэлжлэлийг харуулсан өгүүлэмж юм. Үүнийгээ тэрбээр “Хүүдээ энэ дурсамжаа зүрх сэтгэлдээ хадгалж, Хакүхогийн гэр бүл, удам угсаагаа хамгаалан, бүх хүч чадлаараа хичээн зүтгэж яваасай” гэж хэлэхийг хүссэн юм гэж тайлбарлажээ. Зодог тайлах ёслолын сэтгэгдлээ хуваалцахдаа их аварга маань “Би хүмүүст эр зориг, урам хайрлах гэж дохён дээр гарч барилддаг байсан бол өнөөдөр эсрэгээрээ та бүхнээс эр зориг авлаа. Одоогоос эхлэн өөр дохён дээрх миний тулаан эхэлнэ. 300 жилийн түүхтэй "Миягино" дэвжээнийхээ нэр төрийг өндөрт өргөж явах болно. Цолтой шавьтай болчихсон болохоор одоо ёкозүна, озэки гаргаж, сүмогийн ертөнцийн ачийг хариулна. Эзэн хааны цомыг өргөх шавь гаргах хүсэл минь улам дүрэлзэн ассан” гэжээ.

Мөн "Эрүүл чийрэг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн ээж, аавдаа баярлаж байна. Аав минь тэнгэрийн орноос намайг харж, хамгаалж байгаа гэж итгэдэг. Аавынхаа ачийг хариулж чадсан гэж боддог. Ёслол их сайхан боллоо. Ингээд би Миягино ояката боллоо" гэсэн байна.

Домог болсон их аварга Хакүхогийн зодог тайлах ёслол дээр түүний бага охин “Сүмо бөхөөс зодог тайлсан аавдаа чин сэтгэлээсээ мэндчилмээр байна. Аав таны сүүлийн барилдааныг би маш сайн санаж байна. Тэр үед аав минь энэ ертөнцөд хэнээс ч илүү сайхан харагдаж, хэнээс ч илүү гэрэлтэж байсан. Одоо миний өмнө зогсож байгаа аавын маань сүмо бөхийн магэ үс нь байхгүй болохоор бага зэрэг хачин байгаа ч өмнөхөөсөө илүү зөөлхөн, эелдэг царайтай харагдаж байна. Өмнө нь аав магэ үстэй байхад би толгойд нь хүрч болдоггүй байсан. Одоо харин магэ байхгүй болсон болохоор аавынхаа толгойг илмээр байна. Намайг байнга хайрлан илдэг байсных нь хариуд одоо би аавдаа толгойг нь зөндөө олон удаа илж өгмөөр байна. Дэлхий дээрх хамгийн зөөлхөн, гоё аав хэвээрээ байгаарай. Дэлхий дээрх таны хамгийн хайртай охин Маюүва” гэж хэлээд хурсан олны сэтгэлийн утсыг хөндсөн байна.


Тасалбар нь VIP 5 сая иен, дээд зэрэглэлийнх нь чамгүй үнэтэй, энгийнх нь 680000 төгрөг орчим байхад 8 мянган суудалтай ордонд үзэгчид пиг дүүрэн байгаа нь энэ арга хэмжээний цар хүрээг илтгэнэ. Ер нь бол суудал пиг дүүрч ирсэн хүмүүсийн тоо 9000-д хүрсэн гэдэг тооцоог хэдийнэ гаргажээ. Хакүхогийн зодог тайлах ёслол Япон, Монголын хоёр орны төр түмний их хүндлэл дунд нэн сайхан боллоо.



1700 жилийн түүхтэй Японы сумо бөхийн бүх цаг үеийн амжилтыг бараг бүгдийг эвдэж шинэлэн тогтооно гэдэг итгэхэд бэрх, давтагдашгүй үзэгдэл юм. Ёкозүна Хакүхо сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, дээд зиндаад хамгийн олон буюу 1093 удаа давсан, ёкозүна цолтой хамгийн олон буюу 84 башёд барилдсан, нийт 1187 давсны 899 нь ёкозүна цолтой барилдаж давсан даваа, бас 16 удаа дээд зиндаанд нэг ч уналгүй хамгийн олон түрүүлсэн, эзэн хааны цомыг завсаргүй 7 удаа хүртсэн, ёкозүна цолтойгоор 63 дараалан ялалт байгуулсан, эхний найман өдөрт 51 удаа качикоши хийж байсан, жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр 10 удаа шалгарч байсан гээд тогтоосон рекордыг ньь нэрлэвэл уртын урт жагсаалт болно. Энэ нь өөрөө дахин давтагдашгүй амжилт бүтээснийх нь нотолгоо.


Одоо бид Хакухогийн тэргүүлэх Миягино дэвжээ Японы мэргэжлийн сумо бөхийн хөгжлийг хэрхэн түүчээлэхийг харах үлдлээ. Ингэснээр сүмо бөхийн шинэ мянганы түүх эхэлж байж ч болох юм.

Холбоотой мэдээ