СҮХБААТАР: Замдаа төөрч, саатсан гэх аялагчдын дуудлага нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-02-01 13:56:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сум Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Жилийн 4 улиралд тус сумыг зорих жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй. Өвлийн улиралд жуулчид, зорчигчдын унаа машин эвдрэх, цасанд суух, төөрөх, шатахуунгүй болох зэрэг саатал гарах нь элбэг. Энэ бүхэнд сумын Онцгой комисс, ЗДТГ-ынхан тусламж үзүүлдэг. Нэгдүгээр сарын 15-нд хамгийн их буюу нэг шөнийн дотор 16 дуудлага хүлээн авч, гурван групп гарч ажиллан тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Энэ жил Дарьганга суманд цас харьцангуй бага орсон хэдий ч зарим газраар хөр хунгар ихтэй, цас хатуурсан учир жижиг тэрэг явахад хүнд болжээ. Цочир хүйтрэлийн үеэр Сүхбаатар аймгийн сумдаас хамгийн хүйтэн буюу 40 хэм хүртэл хүйтэрсэн. Гэсэн хэдий Алтан овоо, Шилийн богд чиглэлийн хөл тасрахгүй хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор сумын Онцгой комисс, ЗДТГ-т ирэх дуудлага их байна. Он гарснаас хойш гэхэд л дээрх чиглэлээр нийт 20 гаруй дуудлага иржээ. Ирсэн дуудлага бүрт сумын удирдлагууд болон багийн засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд гарч тусламж үзүүлсэн байна. Одоогоор эдгээр дуудлагад нийт 1,8 сая төгрөгийн бензин шатахууныг зарцуулжээ. Сумын ЗДТГ-ын шатахууны нэг сарын хэрэглээ хоёр сая төгрөгт багтдаг. Гэтэл нэг сарын хэрэглээгээ зөвхөн аялагч жуулчдын дуудлагад зарцуулсан байна. Дуудлага өгөгчдийн дийлэнх нь төөрсөн гэх дуудлага эзэлдэг байна.

Үүнээс гадна сумын нутагт дэвсгэрт хөрш зэргэлдээх сумдын малчид отроор нутаглаж байгаа учир эрүүл мэндийн болон бусад дуудлага ч нэмэгдсэн гэдгийг сумын ЗДТГ-ын дарга Ч.Батболд хэллээ. 

Холбоотой мэдээ