АРХАНГАЙ: Малчид хоршиж, цагаан идээний үйлдвэр нээлээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-02-02 11:22:04

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд “Нутгийн өгөөж хишиг” хоршоо цагаан идээний үйлдвэрээ нээлээ.


Аймагтаа анхдагч болох энэхүү бүрэн автоматжсан цагаан идээний үйлдвэрийг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчид ашиглалтад оруулжээ. Тус малчид уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдардаг бөгөөд Орхон багт үйл ажиллагаа явуулдаг “БМНС” ХХК-ийн биологийн нөхөн сэргээлтийн ажилд оролцож байхдаа санаачилга гаргасан байна. Ийнхүү тус компанид саналаа хүргүүлсэн нь дэмжигдэж, биелэлээ олжээ.

Орхон баг нийт 359 малчин өрхтэй.


Зөвхөн уурхайн нөлөөллийн бүс нутгийн 60 малчин өрх нэгдэн 2022 оны 7 дугаар сард хоршоогоо байгуулж, үйлдвэрийн ажлаа 11 дүгээр сараас эхлүүлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна. Үйлдвэрт хоршооны гишүүн өрхийн 17 эмэгтэй хоёр ээлжээр ажилласнаар тогтмол цалинтай болжээ. Гишүүд ч энэ ажилдаа өөриймсөг хандаж, цалинтай, сүү, аарцаа өгөөд жилийн дөрвөн улиралд орлоготой, мөн ашиг хүртэж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Мөн бусад малчдыг ч энэ жишгээр ажлаа эхлүүлж, иргэдийг цэвэр, эрүүл хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж болох тухай уриалж байлаа.


“Нутгийн өгөөж хишиг” хоршооны цагаан идээний үйлдвэр нь өдөрт сарлагийн сүүний 180 кг аарцнаас 110-120 кг ааруул гаргах хүчин чадалтай. Дөрвөн өөр хэвтэй, жижиг ааруулуудыг технологийн дагуу хийж, 400 гр-аар савлаж худалдаанд гаргахад бэлэн болжээ. Зуны улиралд хайлмаг, шар тос, монгол архийг нэмэлтээр гаргана гэж байлаа. Бэлэн болсон бүтээгдэхүүнийг “Малчин” рестораны дэлгүүрт болон Улаанбаатар хотын томоохон дэлгүүрүүдэд худалдахаар гэрээлсэн байна.  


Үйлдвэрийн ажилтнууд “Гэгээн шим” ХХК-ийн үйлдвэрийн газарт сургалтад хамрагдсан ба ирэх хавраас шар сүүг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийх сургалтад хамрагдахаар төлөвлөжээ.


Малчдын санаачилсан цагаан идээний үйлдвэр нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд нэг өрхөөс 40 литр сүү авахаар гэрээлжээ. Түүнээс хойших хугацаанд аарцаа авах бөгөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, дараагийн сүү гарах хүртэл хугацаанд ойролцоогоор 60-70 тн аарц шаардлагатай гэлээ.





Ийнхүү аймагтаа анхдагч болох малчдын санаачилсан цагаан идээний үйлдвэр нь өөрсдийн гишүүн өрхүүдийн бэлтгэсэн ямар ч хольцгүй, цэвэр сарлагийн сүүний аарцаар эрүүл хүнсийг орон нутагтаа үйлдвэрлэж, 17 хүнийг ажлын байраар хангаад байна.