“Apple” компанийн борлуулалт буурав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-03 10:22:43

ВАШИНГТОН. /BBC/. Амьжиргааны өртөг нэмэгдэж хэрэглэгчдийн худалдан авалт буурч байгаатай холбоотойгоор Америкийн “Apple” компанийн борлуулалт 2022 оны сүүлээр буурсан үзүүлэлттэй гарчээ.


Тодруулбал, өнгөрсөн оны 10-12 дугаар сард “iPhone” гар утсыг үйлдвэрлэгч компанийн борлуулалт 2021 оны мөн үеийнхээс 5 хувиар буурсан байна. Энэ нь 2019 оноос хойших хамгийн их бууралт болсон бөгөөд шинжээчдийн таамаглаж байснаас тааруу гарчээ.


Дэлхий даяарх олон компани, ялангуяа цар тахлын үеэр өндөр өсөлт үзүүлсэн технологийн салбарын компаниуд эдийн засгийн өсөлт саарах хэтийн төлөвийн талаар анхааруулаад байгаа үед ийм үр дүн гарч байна.


Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук хэлсэн үгэндээ, компани нь “хүч сорьсон нөхцөл байдал”-тай тулгарч байгааг онцлоод, iPhone” гар утасны дийлэнх хувийг үйлдвэрлэдэг Хятад улсад цар тахлын улмаас нийлүүлэлтэд саатал тасалдал үүссэн, ам.долларын ханш чангарсан, үнийн өсөлт, Украины дайн, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн үзүүлэлтүүд саарсан зэргээс шалтгаалан борлуулалт буурсан хэмээн тайлбарлажээ.


“Дэлхий дахин урьд хожид үзэгдээгүй нөхцөл байдалтай үргэлжлэн тулгарсаар байгаа. “Apple” ч мөн түүний үр дагаварт өртөж байна” гэж Т.Кук хөрөнгө оруулагчдадаа хандан хэлсэн байна. “Apple”-ийн мэдээлснээр, борлуулалт дэлхийн хэмжээнд буурснаас гадна ихэнх бүтээгдэхүүнийг нь хамарчээ.


Тодруулбал, эрэлт ихтэй “iPhone” гар утасны борлуулалт 8 хувиар, “Mac” компьютеруудынх 29 хувиар буурсан байна. Улмаар эдгээр нь компанийн ашигт нөлөөлж, өмнөх оныхоос 13 хувиар буурснаар 30 тэрбум ам.долларт хүрчээ.


“PP Foresight” фирмийн шинжээч Паоло Пескаторе хэлэхдээ, “Apple” бусад электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэгэн адил хэрэглэгчдэд “өмнөх загваруудаасаа ахисан сайжруулалтыг санал болгож” чадахгүй байгааг онцлоод, “хүн бүр бүсээ чангалж байгаа үед ийм шаардлага улам их байгааг” нэмж хэлжээ.


Зах зээлийн судалгааны “Canalys” фирмийн мэдээллээр, дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт өнгөрсөн онд 12 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ