Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-03 16:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг хангахад хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь чухал байна.


Энэ талаар  Канад улсын Холбооны шүүхийн эрхэлсэн комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон Нью-Брансуик мужийн ерөнхий шүүгч Ж.К.Марк Ричард нар манай улсын шүүгч нартай туршлагаа хуваалцав.


Манай улсад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлэг сургалтыг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг эрүүгийн болон иргэний шүүгч нарт зохион байгууллаа.


Тодруулга: “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл нь иргэний нийгэм, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын оролцогч нарын чадавхийг бэхжүүлэх юм. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааны хүртээмжийг сайжруулах, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах аж.

Холбоотой мэдээ