NYT: Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагаа хэд хоног үргэлжилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-06 09:35:00

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Бямба гарагт АНУ-ын цэргийнхний буудан унагасан Хятадын агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагаа хэд хоног үргэлжилнэ гэж “The New York Times” сонин Пентагоны төлөөлөгчийн хэлснээс эш татан мэдээлжээ. 


Уг агаарын бөмбөлгийн үлдэгдлийг цуглуулах ажиллагааг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шумбагчдын оролцоотойгоор бөмбөлөг усанд унасны дараахан эхлүүлжээ. Эрлийн ажиллагаа Америкийн сөнөөгч онгоц Хятадын агаарын бөмбөлгийг пуужингаар харваж унагасан бүсэд буюу Өмнөд Каролина муж улсын эргээс 9.7 орчим км-ийн зайд явагдаж байгаа аж. Бөмбөлгийн үлдэгдэл 15.5 метрийн гүнтэй Атлантын далайн эргийн бүсэд унасан байна.


Пентагоны төлөөлөгчийн хэлснээр, бүх хэсгийг цуглуулсны дараа хууль сахиулах болон тагнуулын байгууллагад шилжүүлэн өгөх аж. 


Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийнхний үзэж байгаагаар, агаарын бөмбөлөг Монтана дахь цэргийн байгууламжуудын дээгүүр нисэх үед Хятадын талд тийм ч их ашигтай байж чадаагүй, учир нь ийм хэмжээний мэдээллийг тагнуулын хиймэл дагуулаас авах боломжтой аж. 


АНУ-ын цэргийнхэн Хятадын агаарын бөмбөлгийг Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар бямба гарагт Өмнөд Каролина муж улсын эрэг хавьд буудан унагасан юм.




Холбоотой мэдээ