Азийн бүс нутагт хамгийн нөлөө бүхий орнуудын жагсаалтыг АНУ тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-06 16:55:06

СИДНЕЙ. /TASS/. Австралийн Сидней хотод төвтэй Лоуи судалгааны хүрээлэн Ази тивд хамгийн нөлөө бүхий улс орнуудын жагсаалтаа өнөөдөр танилцуулжээ. 


Тус хүрээлэнгийн “Asia power index 2022” жил тутмын тайланд тэмдэглэснээр, Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтын эхний байрыг АНУ эзэлж байгаа бол хоёрдугаарт БНХАУ оржээ. Хятад  улсын хувьд “COVID-19”-тэй тэмцэх хатуу арга хэмжээ авч, хилээ хаасан нь сүүлийн жилүүдэд хүч нь сулрахад гол нөлөө үзүүлсэн байна. Жагсаалтын гуравдугаарт Япон, дөрөвдүгээрт Энэтхэг бичигдэж, тавдугаар байрыг ОХУ эзэлсэн бол Австрали, БНСУ, Сингапур, Индонез улсууд удаалсан байна.  


АНУ-ын хувьд (80.7 оноо) цэргийн ерөнхий чадавх, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа, соёлын нөлөө гэсэн үзүүлэлтээр хамгийн ойрын өрсөлдөгч нь болох БНХАУ-ыг (72.5) ардаа орхисон байна. Үүнээс гадна шинжээчдийн үзэж байгаагаар, "АНУ нь хүн ам зүйн хувьд илүү таатай хэтийн төлөвтэй байгаа бол Хятад улсад төрөлтийн түвшин огцом буурч байна. Гэхдээ "2022 онд Хятадын дипломат үйл ажиллагааны нөлөө Азид эсрэгээрээ ихээхэн чухал байсан бөгөөд Бээжин бүс нутгийн ихэнх орнуудын таалалд нийцэж, хамгийн том худалдааны түнш хэвээр үлдсэн" гэж тайланд тэмдэглэжээ.


Япон (37.2 оноо), Энэтхэг (36.3 оноо) улсуудын хувьд бүс нутагт нөлөөгөө тэлсээр байгаа ч тус хоёр улсад нэлээд ноцтой асуудлууд байгааг шинжээчид онцолжээ. Тухайлбал, Японы “хүн амын тоо буурч, хөдөлмөрийн чадвартай иргэдийн дундаж нас нэмэгдэж байгаагийн дээр ДНБ-ий өсөлт хэт удааширч байгаа юм". Харин Энэтхэгийн хувьд соёлын болон дипломат үйл ажиллагааны харилцаагаа өргөжүүлж байгаатай холбоотойгоор бүс нутгийн гол гэрээ хэлэлцээрүүдэд оролцохоос татгалзаж байгаа нь эдийн засгийн нөлөөг нь бууруулж байгаа аж. Гэсэн хэдий ч ирээдүйд Энэтхэг, Япон хоёул "бүс нутгийн маш чухал тоглогч хэвээр байх боловч тэдний хөгжлийн замнал нь АНУ эсвэл Австралийнхаас тэс өөр болж магадгүй" гэж шинжээчид онцолсон байна. 


ОХУ-ын тухайд рейтинг нь сүүлийн жилүүдэд бага зэрэг (1.4 нэгжээр) буурсан боловч Азийн бүс нутагт хамгийн хүчирхэг орнуудын жагсаалтад 100 онооноос 31.6 оноо авч тавдугаар байраа хадгалж чаджээ. “Эдийн засгийнх нь тогтвортой байдал болон гадны сорилтуудад тэсвэртэй байдал нь Оросын хамгийн хүчирхэг үзүүлэлт хэвээр байгаа” ч "бүс нутаг дахь Москвагийн нөлөөг газар зүйн байрлал нь ихээхэн хязгаарлаж байна" гэж шинжээчид тэмдэглэсэн байна. 


Азийн нөлөөллийн индекс нь Лоуи хүрээлэнгээс 2018 оноос хойш гаргаж буй жил тутмын судалгааны тайлан юм. Энэхүү баримт бичигт Австралийн эдийн засаг, цэрэг, улс төрийн тэргүүлэх шинжээчид бүс нутаг дахь улс орнуудын эрх мэдлийн хуваарилалт, нөлөөг үнэлж, эдгээр үзүүлэлт хэрхэн өөрчлөгдөхийг хянаж байдаг. Уг индекс нь 26 улс орон, нутаг дэвсгэрийг (баруун талаараа Пакистан, хойд талаараа Орос, Австрали, зүүн талаараа Шинэ Зеланд, дээр нь АНУ) багтаадаг. Улс онуудын хүч, нөлөөг үнэлэхдээ шинжээчид цэргийн чадавх, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, эдийн засаг, эдийн засгийн харилцаа, дипломат үйл ажиллагаа болон соёлын нөлөө, тогтвортой байдал, баялгийн хүртээмж гэсэн үндсэн найман ангилалд 133 шалгуурт үндэслэдэг байна. 

Холбоотой мэдээ