БНАСАУ-ын удирдагч охинтойгоо хамт Солонгосын ардын армийн генералуудтай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-08 11:02:59

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан армийн генералуудтай мягмар гарагт охин Ким Жу Э-гийн хамт уулзжээ. Энэ талаар “Солонгосын дуу хоолой” радио мэдээлсэн байна. 


Умард Солонгосын удирдагч генералуудын байрласан “зочид буудалд” хүрэлцэн очиж, түүнийг өндөр албан тушаалын генералууд, командлагч нар угтан авчээ. Ким Жөн Уныг зочлон ирсний дараа хүлээн авалт болж, тэрбээр үг хэлсэн байна. Үг хэлэх үеэрээ БНАСАУ-ын удирдагч АНУ эсвэл Өмнөд Солонгосын талаар тусгайлан дурдаагүй аж. 


"БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун гүн хүндэтгэл илэрхийлж, Солонгосын хувьсгалын бүхнийг ялах хүчирхэг салхийг амь биеэ үл хайрлан, бут цохигдошгүй цэргийн хүчээр хамгаалж, улс орны аугаа сүр хүчийг баталгаажуулсан БНАСАУ-ын Зэвсэгт хүчний бүх цэргийн албан хаагчдад халуун баяр хүргэлээ” гэж Солонгосын дуу хоолой радио мэдээлжээ. 


Харин Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээллээс эш татан Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч охины хамт Солонгосын ардын армийн “офицеруудын хуаранд” зочилсон байна. Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны өдрийг тохиолдуулан Пёньянд лхагва гарагт цэргийн парад болж магадгүй гэж “Yonhap” мэдээлжээ. 


Холбоотой мэдээ