С. Мөнхбурам: Улаанбаатарчуудын уушгины өвчин сүүлийн 15-20 жилд эрс нэмэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
erdenebat@montsame.mn
2023-02-13 08:42:34

 Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Мишээл” уушгины мэс заслын эмнэлгийн ерөнхий эмч, профессор, уушгины мэс заслын тэргүүлэх зэргийн эмч С.Мөнхбурамтай ажил мэргэжил, амьдрал тэмцэл, ертөнцийг үзэх үзэл, нийгэм, улс төрийн болон эрүүл мэндийн салбарын талаар ярилцлаа. 


-Та өөрийгөө эхлээд товчхон танилцуулах уу?

-Нийслэлийн 39 дүгээр цэцэрлэг, 23 дугаар дунд сургуулийн эргэн тойронд хүүхэд нас, амьдралын 18 жил өнгөрчээ. АУДС 1985 онд төгссөн. Өмнөговь аймагт жил орчим эмчээр ажилласан. Тэгээд Сүрьеэ, Уушгины Эмгэг Судлалын Нэгдсэн Төвийн Клиникийн уушгины мэс заслын тасагт их эмч, уушгины мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажилласан.


-Сүрьеэ, Уушгины Эмгэг Судлалын Нэгдсэн Төвийн Клиникийн  эмнэлэг Зайсанд байсан гэж ойлгодог. Тэр үеийн  сүрьеэг эмчлэх тогтолцоо, бүтэц ямар байсан юм уу?

-Сүрьеэ, Уушгины Эмгэг Судлалын Нэгдсэн Төвийн Клиникийн  эмнэлэг нь Зайсангийн аманд байрлах, ард түмэнд Ясны больниц гэж алдаршсан эмнэлэг байсан. Ер нь бол улсын хэмжээний уушги, ясны мэс заслын том төв байсан юм шүү дээ. Эмнэлгийн статусын хувьд улсын 1, 2, 3 дугаар эмнэлэгтэй дүйнэ. Нийт 300 гаруй ажиллагсадтай, 360 ортой клиник нь 60 жаран ортой уушгины мэс заслын тасаг, уушгины онош тодруулах тасаг, ясны мэс заслын тасаг, ясны онош тодруулах тасаг, хүүхдийн мэс заслын тасаг, сэхээн амьдруулах тасгуудаас бүрдэж байсан. Жилдээ 200-250 уушгины мэс засал, 300 орчим ясны мэс засал, 150 орчим хүүхдийн мэс засал хийгддэг байлаа. Түүнээс гадна Дамбадаржаагийн эмнэлэг гэж ард түмэнд цоллогдсон Сүрьеэгийн Клиникийн 360 ортой эмнэлэг нь сүрьеэг эмээр эмчилнэ. Цааш нь сүрьеэгийн эмийн болон  нөхөн сэргээх эмчилгээг Төрхурахын амны наана орших Айргийн амны сувилалд үргэлжлүүлдэг байсан. Нийтийн дунд тэнд өвчтөнүүдийг айргаар эмчлээд байсан юм шиг ташаа ойлголт байдаг.


-Айргийн гэдэг нь тухайн амны оноосон нэр байх нь ээ...

-Тэгж ойлгож болно. Тэнд зундаа 700 ор, өвөлдөө 360 ор дэлгэж сүрьеэтэй өвчтөн хүлээн авна. Айргийн амны сувилалд хоол эмчилгээ, нөхөн сэргээх төрөл бүрийн эмчилгээнээс гадна сүрьеэгийн эмийн эмчилгээг хийдэг. Түүнээс гадна дүүрэг болон аймгуудын төвд 20-30 ортой сүрьеэгийн тасаг ажиллаж байсан. Шарга морьтод сургуулийн хүүхдийг хичээлийг нь тасалдуулахгүй сүрьеэг нь эмчилдэг 120 ортой Ойн сургууль гэж ард түмэнд нэрлэгдсэн эмнэлэг байсан. Мөн Толгойтод Хүүхдийн Клиникийн Эмнэлэг 240 ортой ажилладаг. Нийтдээ улс даяар 2000 гаруй сүрьеэгийн ор ажиллаж байсан юм.


-Сүрьеэ өвчтэй тэмцэж байсан энэ тогтолцоо одоо байна уу?

-Зах зээлийн эдийн засагт шилжин 1990 онд улс орон, Засгийн газар валютгүйн улмаас сүрьеэгийн эм тариа тасалдаж энэ салбар хүндэрсэн юм. Тэр үед сүрьеэгийн диспансер, эмнэлгүүдийг нь татан буулгаж, байрыг нь хувьчлал нэрээр самарч энэ тогтолцоог амжилттай нураасан гэж хэлж болно. Харин ийм хүнд үед Гомбогарамын Цогт захирал маань “Данида” олон улсын байгууллагын сүрьеэг эмчлэх төслийг 1992 онд оруулж ирснээр манай улс сүрьеэгээ эмчлэх эмтэй болж байлаа. Гэхдээ энэ нь хүү багатай эргэж төлөгдөх нөхцөлтэй урт хугацаат төсөл байсан. Энэ төсөл арваад жил үргэлжилсэн. Дараа нь Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр, олон улсын “Жайка” байгууллагын хөтөлбөр үргэжлүүлсэн. “Жайка”-гийн олон улсын төсөл нь эргэж төлөгдөх нөхцөлгүй, буцалтгүй тусламж байсан. Одоо монголд сүрьеэ өвчний эмчилгээг Засгийн газраас санхүүжүүлэн эмчилж, харин эмийн дасалтай сүрьеэг олон улсын Глобаль сангаас санхүүжүүлэх замаар эмчилж байна. Сүүлийн үед ДОХ, БЗХӨ, вируст өвчнүүд ихэссэнээр сүрьеэ гурав, дөрөвдүгээр байр луу хаягдчихлаа. Гэтэл сүрьеэ нь халдаж, өвдөж, үхүүлэх нь хэвээрээ байна. Дэлхийд жилдээ 10 орчим сая хүн өвчилж 1,2 сая үхдэг өвчин шүү дээ. Хэдий сүрьеэгийн вакцин гарснаар сүрьеэгийн явц, жам, өвчлөл багассан ч аюултай хөнөөлт өвчин хэвээрээ байна. Шинжлэх ухаан хөгжиж Баруун Европ болон АНУ 1930-1940 онд, Япон 1960-аад онд,  БНСУ 1970-аад онд сүрьеэгээ устгаж чадсан. Хөгжингүй улс орнууд ийм нөхцөлд сүрьеэгийн судалгаа шинжилгээний ажлаа зогсоочихдог юм билээ. Одоо энэ улсуудад сүрьеэгийн вакцин ч хийхээ больсон. Би устгасан гэж ярьж байгаа болохоос эдгээсэн гэж хэлээгүй шүү. Энэ хоёр ойлголтыг хүмүүс андуураад байдаг юм.


-Ялгаа нь....

-Устгана гэдэг бол сүрьеэтэй урьд үеэ эмчлэн сэргийлж, дараагийн үедээ  халдаахгүй сүрьеэг тусгаарлаж  чадсанаар урд сүрьеэтэй үе нь үхэж дуусаж, дараагийн үе эрүүл болохыг хэлээд байгаа юм. Түүнээс биш сүрьеэ өвчнийг бүр ялсан асуудал бол биш юм. Одоо сүрьеэг эмчилдэг үндсэн 4 эм: рифамицин, изониазид, этамбутол, пиразинамид байдаг. Дээр нь канамицин, офлаксицин, левофлаксицин гээд 3-4 тарианд сүрьеэгийн эмчилгээ эргэлдэж байна. Энэ үндсэн 4 эмэнд дасал болохыг эмийн дасалтай сүрьеэ гэдэг-шинэ гамшиг гарч ирээд байна л даа.

         

                                     Сүрьеэ бол эмэндээ маш сайн эдгэрдэг өвчин

-Сүрьеэ өвчин дахидаг,  эдгэрдэггүй өвчин гэсэн ойлголт ард түмний дунд байдаг шүү дээ?

-Гоц халдварт тарваган тахал өвчнийг хүн амьдралдаа нэг л удаа тусаад насан туршдаа дархлаатай болдог. Гэтэл сүрьеэ өвчнөөр хүн дахин дахин өвчлөөд байдаг нь сүрьеэгийн олон төрөл генотиптэй холбоотой. Сүрьеэгийн савханцар 5 үндсэн генотиптэй байдаг m-mycobacteri: 1. m.tuberculosis 2. m.bovis 3. m.africanum 4. m.microti 5. m.canetti зэрэг төрөл зүйлээс бүрддэг. Ингэж нэг төрлөөр өвдөөд эдгэсэн хүн өөр төрөл хэлбэрээр дахин  өвчилж болдог учир сүрьеэ өвчин эдгэрдэггүй гэсэн буруу ойлголт гарч ирсэн. Энэ бол тийм биш. Сүрьеэ бол эмэндээ маш сайн эдгэрдэг. Гэхдээ сахилага бат муутай, сүрьеэгийн эмээ тасалж уусан хүмүүсийн сүрьеэ архаг  болон эмийн дасалт хэлбэрт шилждэг.  Хүүхэд төрсний дараа 72 цагт багтаан нэг тариа тарьдаг.  Энэ бол сүрьеэгийн вакцин /БЦЖ вакцин/ юм. Вакцин тариулснаар сүрьеэгийн явц, эмгэг жам, хоруу чанар багасдаг: БЦЖ вакцинтай 100 хүн сүрьеэгээр өвчиллөө гэхэд 60 хувь өвчилснөө ч мэдэхгүй дархлаагаараа эдгэрдэг, 40 хувь орчим нь цаашид хүндэрч эмнэлэгт хандан сүрьеэгийн эмчилгээ хийлгэснээр эмчлэгдэж, 3 хувь нь үхлээр дуусдаг. Хэдий тийм ч сүрьеэ нь эмчилж, эдгэрүүлж, хянаж болдог өвчин бөгөөд хөгжиж буй олон оронд энэ өвчнийг хяналтандаа авч чадаж байна.


-Сүрьеэгийн талаар статистикийн өөр үзүүлэлтүүд ямар байдаг бол?

-Сүрьеэгээр өвдсөн хүн бүрэн эдгэрээгүй байхдаа сүрьеэгийн эмийн эмчилгээг тасалж, хаяснаар сүрьеэ өвчин нь сэдэрч дахин идэвхжинэ. Сэдэрсэн сүрьеэг дарахын тулд эмээ эргээд ууна шүү дээ. Гэтэл эм нь үйлчлэхээ больсон байдаг. Амьд бүхэн модон сандал биш учраас орчиндоо маш амархан дасан зохицдог. Түүнтэй адилхан сүрьеэгийн савханцар ч эмэнд дасан зохицох өндөр чадвартай. Зарим сүрьеэгийн савханцар сүрьеэгийн эмтэй орчинд ургадаг болчихсон байдаг. Монголд сүрьеэг 1990 онд бараг устгасан даа. НҮБ-ын гишүүн 190-ээд орноос 32-т орж байсан. Тухайн үед 6.3 промиль процент буюу 10 мянган хүнд 6,3 сүрьеэтэй хүн байсан гэсэн үг юм. Сүрьеэгийн өвчлөл 2021 оны байдлаар дэлхийн дундаж 10.000 хүнд 13.3 промиль, манайд  10.000 хүнд- 44.8 нь промиль байна. Манай улс сүрьеэгийн эмийн дасалтай 8 орон, сүрьеэгийн дарамт ихтэй 30 орны тоонд бүртгэгдэж байна.


-“Мишээл” уушгины мэс заслын эмнэлгийг Та 1994 онд байгуулсан түүхээс хуваалцвал...

-Түүхээс өгүүлбэл: 1990 он их наймааны он жилүүд байлаа шүү дээ. Би 1993 оны 1 дүгээр сард 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх гэж Польш улсын Краков хотод очсон. Үргэлжлүүлээд 6 сар ажлаасаа цалингүй чөлөө аваад ирэх ёстой хугацаанаасаа ахин 31 хоног хоцроод ирлээ. Энэ үед сүрьеэгийн клиникийн эмнэлгийн ерөнхий эмчийн сонгууль болох гэж байсан юм. Тэр үед сайд дарга нар Ерөнхий эмчийг томилдоггүй, харин хамт олон дотроосоо ажиллаж байгаа нэг эмчээ нэр дэвшүүлэн, бүх ажилчдын хурлаар гар өргөн ил сонгодог байсан цаг. Тэгээд миний багш нар, найз нар намайг ерөнхий эмч бол гэдэг юм аа. Тэгтэл ерөнхий эмч намайг "хөдөлмөрийн хуулиар 30 хоногоос дээш ажил тасалвал халдаг журамтай, гэтэл чи 31 хоноод ирлээ. Өнөөдөр чамайг ажлаас чөлөөлчихсэн" гэдэг юм. Би өчигдөр нь ирсэн бол ерөнхий эмчид өрсөлдөх боломжтой байлаа.


-Тухайн үед өөрийнхөө нэрийг дэвшүүлээд өрсөлдөж болоогүй юм уу?

-Тэр үед хамт олон дотор ажилладаг байж нэр дэвших эрхтэй болж байсан юм. Ажлаас халагдсан болохоор ийм боломж байгаагүй. Тэгж гол өрсөлдөгчөө зайлуулж байгаа байхгүй юу. Ерөнхий эмчийн сонгууль тэгээд өнгөрсөн. Гэхдээ уушгины мэс заслын эмчээр клиникийн аль ч эмнэлэгт очиж ажиллаж болох л байсан. Харин аав минь “Тохь, тухтай орчин хүнийг урагш нь ахиулахгүй, дэгээдээд байдаг юм. Барууны хөгжилтэй орнуудад хувийнхан тэргүүлдэг. Миний хүү хувийн эмнэлэг байгуулаад мөрөөдөл рүүгээ нисвэл яасан юм бэ?” гэсэн. Би оюутан цагаас эхлэн монгол хүнд уушги-зүрх гэдэг комплексийг шилжүүлэн суулгая /трансплантац/ гэсэн мөрөөдөлтэй хүн л дээ.


-Энэ мөрөөдлийнхөө төлөө Та юу хийсэн бэ?

-Эмнэлэг байгуулсан ч мөрөөдөлдөө хүрээгүй л байна. Тэгэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр болгон ажилладаг. Материаллаг бааз, хөдөлмөрч хамт олон, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдсэн байхад ирээдүйд миний үр хүүхэд, шавь нараас уушги-зүрхийг монгол хүнд шилжүүлэн суулгана гэдэгт эргэлздэггүй шүү.


     Тасраад унасан хүний толгой нийлүүлээд оёчихдог мэс заслын эмч больё гэж

хүүхдийн дэврүүн сэтгэлээр анх мөрөөдсөн

-Эмчийн мэргэжлийг Та яагаад сонгох болсон бэ? Таны хувьд эмч болох сэдэл яаж төрсөн бэ?

-Манай анги даасан багш Татьяна Александровна Захарцева /23 дугаар дунд сургуулийн биологийн багш/ Герберт Уэллсийн Үл үзэгдэгч хүн, Профессор Морын арал, Александр Беляевийн Доктор Доуэлийн толгой, Газар уснаа явагч хүн гэх мэт зөгнөлт зохиол өгч уншуулна. Тэр номуудыг уншиж байгаад тасраад унасан хүний толгой нийлүүлээд оёчихдог мэс заслын эмч больё гэж хүүхдийн дэврүүн сэтгэлээр анх мөрөөдөх бодсон. Гэхдээ АУДэС-ийн 2 дугаар курст байхдаа тэр мөрөөдөл минь хэзээ ч биелэхгүй юм байна гэж бодогдсон. Хүний эд эрхтэний тохироо байтугай цусны бүлэг хүртэл өөр өөр байдаг юм байна. Тэгэхээр нэг хүний эд эрхтэнг өөр хүнд шилжүүлж болохгүй юм байна гэж бодогдсон. Тэгээд сэтгэлээр унаад АУДэС-иа хаядаг ч юм уу гэж бодож үзлээ. Сургуулийнхаа коридорт ийм гунигт бодолтой толгой гудайлган явж байгаад нэг хүнтэй мөргөлдөж орхив. Хажуу тийшээ болоод  дахин алхтал ахин мөргөлдөв. Хажуу тийшээ  болоод алхтал гурав дахь удаагаа нөгөө хүнтэйгээ мөргөлдөв. Тэгээд мөргөлдсөн хүнээ харсан чинь цагаан малгайтай, цагаан костюмтай, цагаан цамцан дээр улаан бантикан зангиатай, нүдний шилтэй сайхан хүн бас юм уншчихсан зогсож байдаг юм. Хоёулаа өөд өөдөөсөө гайхан харлаа. Тэр үед би их муу харагдсан юм байлгүй, яасан миний хүү гээд намайг хөтлөөд явдаг юм. Тэр бол миний оюун санааны багш, мэс заслын доктор профессор П.Долгор багш маань байсан юм.


Багш тэгээд юу болсныг сонсоод: Тэгж болохгүй. Чиний мөрөөдөл биелэх болно, шинжлэх ухаан хөгжиж байна” гээд Оросын агуу их эрдэмтэн Б.Демихов гэдэг хүний тухай баримтат кино үзүүлэв. Б.Демихов 1952 онд нохойн гөлөгний толгойг эхийнх нь хүзүүн дээр суулгасан туршилтыг  амжилттай хийсэн байгаа юм. П.Долгор багш киногоо тайлбарлаж: Харж байна уу? Гөлөгний толгой хөдөлж байна, мэдрэл холбогдож, амьсгалж, хуцаж байна, уушги холбогдсон байна, юм долоож, залгиж байна, ходоодыг нь холбочихсон байгаа биз...гээд нэг ёсондоо миний итгэлийг сэргээсэн. Ингэж миний багш надад мөрөөдлийн жигүүр ургуулж өгсөн юм. Энэ үеэс би монгол хүнд уушги-зүрх гэдэг комплексийг шилжүүлэн суулгая гэж мөрөөдөх болсон. Миний гэгээн мөрөөдлийг аав маань мэддэг, дэмждэг байсан юм. Тэгээд л хувийн эмнэлэг байгуулах тухай санааг надад өгч байгаа нь тэр юм. Хүнд донор-зүрхийг анх шилжүүлэн суулгасан Африкийн БНУ-ын эрдэмтэн-трансплантологч Кристиан Бернард гуай Демиховыг багшаа гэж хүндэтгэн Орос оронд очиж хүндэтгэл үзүүлж хөшөөнд нь цэцэг өргөж байсан юм гэнэ билээ.


-Таныг эмнэлэг байгуулаад гарахад чинь эргэн тойронд чинь өөр үзэл бодолтой хүн байв уу?

-Байлгүй яах вэ, “ Чи ард түмний мөнгөөр өдий төдий жил сурчихаад одоо л уушгины мэс заслын эмч боллоо гэтэл хувьд гарна гэж юу яриад байгаа юм бэ? Улсын эмнэлэг дэргэд чинь үнэ төлбөргүй уушгины хагалгаа хийж байхад чамд мөнгө төлж хагалгаа хийлгэх ямар хүн байдаг юм бэ?” гэж СҮЭСН Төвийн захирал асан Бадрал багш маань намайг загнаж байсан шүү. Хувийн хэвшлийн эмнэлгүүд өрсөлдөх чадвартай болсон 2000-аад оны эхээр Бадрал багшийнхаа садангийн хүнд уушгины хагалгаа хийж өгсөн л дөө. Тэгэхэд Бадрал багш маань гадаад явж гахай, тахианы мах идсэн юм гэсэн дээ чи тухайн үед илүү сэтгэж, хол харсан байна шүү гэж урмын үг хэлж билээ.


-Польшид мэргэжил дээшлүүлсэн, түүнийг хэлж байна уу?

-Үгүй ээ. Түүнээс өмнө би Болгар улсын Софи хотын анагаах ухааны Академид уушгины мэс заслын клиник ординатур буюу уушгины мэс заслын дээд курсыг 1987-1990 онд сурч дүүргэсэн юм. Түүнийг хэлж байгаа нь тэр л дээ. Нэгдсэн Үндэсний Байгууллага нь олон улсын хэд хэдэн байгууллагыг санхүүжүүлдэг: ДЭМБ, ЮНЕСКО, ЮНИСЕФ гээд... ЮЭИСЕФ нь 2 салбартай. 1. Улаан сар нийгэмлэг /Red moon/, 2. Улаан загалмай нийгэмлэг /Red cross/ гэж салдаг. Улаан сар нийгэмлэг дэлхий даяар гоц халдварт өвчинтэй /САРС, ДОХ, Эбола, шувууны ханиад, Зика, сүрьеэ/ тэмцдэг. Мөн вакцинжуулалтыг  хариуцдаг. Би энэ Улаан сар нийгэмлэгийн шугамаар сурсан болохоор мөн сүрьеэгийн дээд курсыг давхар дүүргэсэн.


-“Ковид-19” шувтрах тал руугаа орж байгаа бололтой. Ер нь гурван жилд юу болоод өнгөрсөн гэж Та үздэг вэ?

-Коронавирус /Covid-19/ гэдэг нь гадуураа полиамид- полилипидэн /уураг-өөхөн/ бүрхүүлтэй, титэм шиг ургацагтай вирус юм. Энэ вирус 1910-аад оны үед Испани улсад ханиад хэлбэрээр дэгдэж  “испани ханиад” гэж нэршин, баруун Европоос дэлхий дахинд тархан 5-6 жил шуурч, 200 сая хүний амийг авч одсон аймшигт вирус юм. Ийм ч учраас ДЭМБ болон дэлхийн улс орнууд дахин идэвхижин гарч ирсэн коронавирусээс айсан нь тодорхой. Айхаас өөр арга ч байхгүй байсан. Энэ коронавирусний эмгэг жам, явц, хоруут-хөнөөлт чанар, түүнчлэн эмчлэх аргачлал, эм тариа тодорхойгүй учир хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсон. Эмчилгээний зарчмыг туршилтын замаар тодорхойлж, вакцин гаргаж авахад хүчээ төвлөрүүлэн халдвартай тэмцэж 2 жил гаруй болж байж одоо л  ялж байх шиг байна. Энэ өвчин эхэндээ уушги барьж байсан. Уушги бол амин чухал эрхтэн, бие сул, өндөр настан, эрсдэлт бүлгийн хүмүүс хүчилтөрөгчийн дутмагшил, цаашлаад уушги-зүрхний хурц дутагдалд орж хурдан хүндэрч байсан.


Өнөөдрийн судалгаанаас үзэхэд,  “Ковид-19”-ийн хөнөөлт чанар хүн амын дунд 1 хувь, эмнэлгийн ажилтнуудын дунд 2 хувийн үхэлтэй байсан бол улирлын томуу, томуу төст өвчин 3-7 хувийн үхэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бид хамрын ханиаднаас айж 2 жил дэлхийнхээ эдийн засгийг хямраажээ гэж дүгнэж хэлэхээр болж байна. Сүүлд гарсан шинэ Омикрон хувилбар далд үе богино, хоруут чанар бага, хэвлийн хэлбэрт /гүүлгэж, суулгаж/ шилжиж, эмчилгээ сайн авч байгаа нь коронавирусийг бид ялж байна гэсэн энэ итгэлийг төрүүлж байна.


-Энэ тахал ингээд өнгөрлөө. Одоо бидний өмнө юу тулгарах юм бол доо гэж Та зөгнөж үзэв үү?

-Өвчнийг зөгнөж хэлэх нь нийтэд ямар сонсогдохыг мэдэхгүй байна. Гэхдээ “Өнгөрсөн үеийнхээ түүхийг мэддэг хүн- ирээдүйг зөгнөж чаддаг юм” гэж миний багш нар хэлдэг байсан. Хүн судлал болон бичил  судлалын харилцан шүтэлцээний эргэн тойронд эмчээр олон жил ажиллаж байгаа туршлагадаа түшиглээд хэлэх, бодох юм бас байна.


Өнөө үед сүрьеэ өвчин анхаарал татсан халдварт өвчин хэвээр байгаа төдийгүй сүрьеэгийн савханцар нь ХДХВ болон бусад өвчний вирустай хамтран хүмүүсийг үхэлд хамгийн ихээр хүргэх шалтгаан болсоор байна. Бичил биетүүдийн мөн чанар өөрчлөгдөж: амьтанд халддаг байсан нь хүнд, хүнийг өвчлүүлдэг байсан нь амьтныг өвчлүүлж эхлээд байна. Энэ янзаараа цааш үргэлжилбэл сүрьеэгийн эмийн дасалтай /L-форм/ хэлбэр өөр вирус, бичил биеттэй хавсран нэгдэж /мутация/ хоруут- хөнөөлт чанар нь дэндсэн мангас л битгий үүсэж бий болоосой гэж залбирах юм. Тэгэхээр одоогоос сүрьеэтэй тэмцэх, цаашлаад устгах ажлыг төр засгаас улам илүү анхаарч эрчимжүүлж ажилламаар санагдах юм. Ийм мангас гарч ирвэл бид битгий хэл  хүн төрөлхтөн ч хэцүүднэ.

                                 

                                     Гүрдаваа багшаас хорвоогийн хоосон чанар, бурхан шашны гүн ухааны талаар номын дуу сонсох аз тохиож байв

-Хүнийг бурхад өөрсдийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэдэг. Шашин шүтлэгийн талаар Та юу хэлэх вэ?

-Хүний бие махбодь бол их гайхамшигтай, би 44 жил хүний бие организмыг судалжээ. Би бол материалист үзлээр хүмүүжсэн хүн. Гэтэл хүнийг судлах тусам, бүтцийг нь мэдэх тусам хүн бол эволюцийн хөгжлөөр бий болоогүй ямар нэгэн дээд оюун ухаан хүнийг бий болгосон болов уу гэж бодох болсон.


Миний бодлоор яавч сармагчин хүн болоогүй, харин зарим хүний омог доошоо орж сармагчины ямар нэг төрөл бий болсон байж магадгүй юм. Хүнийг бурхад өөрсдийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэдэг нь л үнэн болов уу. Хүний организм гэдэг бол бүхэл бүтэн цогц ертөнц.


Би шашин шүтлэгийн тухай бол шүтлэгтэй, шүтлэггүй гэж худлаа яриад яах вэ. Ер нь бурхан ч гэнэ үү, ертөнцийн оюун ухаан ч гэнэ үү, ямар ч байсан оюун мэдлэгийн цөм байдаг болов уу. Шри Чинмой гэж агуу багшийн Төгс мэргэн сургаал номыг уншлаа. Мөн сүүлийн 20-иод жил Библийг ч судалж үзлээ. Би өөрөө нэг зүйл рүү орохоороо сонирхоод орхидоггүй. Заавал цаад мөн чанарыг нь олох гэж зүтгэдэг муу зантай. Тэгээд би энэ хорвоод ирсэн зочин, үйлийнхээ үрийн дагуу бусдад юу мэддэг, түүнийгээ ур чадвараа зориулж туслаад, буцах сүнс болохоос тийм  гэгээрсэн мундаг сүнс биш байх гэж бодоод Библи судлалаа зогсоосон. Харин Гүрдаваа Ринбүчийг Монголд ирсэн цагаас нь хойш би олон жил эмчилсэн. Тэр үед Гүрдаваа багшаас хорвоогийн хоосон чанар, бурхан шашны гүн ухааны талаар номын дуу сонсох аз тохиож байв. Ер нь бол үйлийн үр нь дуусаагүй бол хүн шиг  бөх амьтай амьтан байхгүй, харин үйлийн үр нь дуусах юм бол нэг л үлээхэд жаргах зулаас ялгаагүй юм гэж бодогдсон. Эмээ маань жаахан байхад “Ум аа хум” гэдэг байсан. Тэр үед би ойлгодоггүй байжээ. Түүнийг багш тайлахдаа хүн ум гэж амьсгал аваад, хум гэж гаргадаг: энэ нь хүнийг маш өчүүхэн, хэврэг гэдгийг ухааруулах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, чиний бүхэл бүтэн амьдрал ганцхан амьсгал дотор багтадаг. Хэрэв хүн нэг амьсгал авч чадахгүй юм уу, эсвэл нэг амьсгал гаргаж чадахгүй бол амьдрал дуусна гэдгийг сануулж хэлдэг юм байна.


-Та өөр өөр шашны ном эрдмийг судлахын зэрэгцээ, номтой мэргэдээс номын дуу сонсож байжээ. Энэ шашны сургаал номлолууд хоорондоо хэр зэрэг зөрчилдөж байх юм бэ?

-Ер нь хамгийн сонирхолтой нь миний олж мэдэж ойлгосноор шашин бүхэн хүний сайн сайхны төлөө яг л адилхан нэг юмыг өөр өөр өнцгөөс харж яриад байдаг юм байна. Хүнд өөрөө өөрийгөө ойлгоход нь туслах үүднээс шашин байдаг юм байна гэж би өөрөө ойлгосон. “Хүү минь чамайг л бурхан гэхгүй юм бол өөр хэнийг бурхан гэх вэ“ гэж Шри Чинмой  багш хэлсэн. Бурхан хаана ч байхгүй мөртлөө хаа сайгүй байдаг, чиний дотор байдаг. Чиний хүний төлөө сайн сайхан зүйл хийе, бүтээе гэсэн бодол чинь бурханлаг бөгөөд чиний дотор бурхан оршино. Харин чиний дотор байгаа атаа, чөтөө, хорон муу санаа чинь чамайг чөтгөрлөг болгодог. Хорвоо дээр үйлийн үргүй, үр дагаваргүй юм гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгож байна. Ер нь өр төлөөсгүй зүйл  гэж энэ хорвоод байхгүй.


-Та эмч хүнийг  нийгмийн талаас нь ойлгомжтой тайлбарлахгүй юу?

-Эмч хүн бол нийгмийн толь юм. Эмч хүн төрийн түшмэдүүдтэй ч харьцана, сэхээтэн, ажилчин, малчин, ажилгүй, орон гэргүй нийгмийн доод давхаргынхантай ч харьцдаг. Ийм учраас нийгмийг мэдэрч байдаг. Намайг Европд сурч байхад “Насгүй, хүйсгүй, нийгмийн амьтан. Тэр хэн бэ?” гэж оньсого таалгаад хариу нь эмч гэж хэлдэг байж билээ. Ийм болохоор эмч хүн бол өвчлөөд ирсэн хүнийг нас, хүйс, нийгмийн давхаргыг нь харгалзахгүйгээр эмчлэх ёстой. Би ардчилал, шударга үнэний талд бат зогсдог. Өнөөдөр зарим хүмүүс юу дуртайгаа ярьж, хийхийг "Ардчилал" гэж ташаа ойлгоод байх шиг байна. Миний бодлоор “Ардчилал” гэдэг нь хувь хүний эрх өөр хүний эрхээр хязгаарлагддаг, гэмт хэрэг үйлдсэн ч хэргээ шударга шүүхээр шийдүүлэх эрхийг л хэлдэг гэж би ойлгодог. Мөн "Ардчилал" гэдэг нь чөлөөт сонголт, сонгох сонгогдох эрх юм. Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгчийг сонгодогтой адил шүүгчийг иргэд сонгодог болгох ёстой болов уу. Ард иргэдээс шударга сонгогдсон шүүгч улстөрчдөөс хараат бус шийдвэр гаргаж, бүүр цаашилбал авлигач түшмэлүүд шүүхээс айж эрээ цээргүй авирлахаа болино гэж би итгэдэг.


лаанбаатарт өвөл утаа ихэсдэг. Энэ утаа уушгины өвчинд нөлөөлөх үү?

-Тэгэлгүй яах вэ. Бид зуны цагт эмнэлгээ хаагаад амраад явчихдаг байсан. Одоо бол ингэж хаах боломжгүй болсон. Хүн эмчлүүлнэ гэж ирээд байхад бид хаагаад явж болохгүй биз дээ. Зуны цагт иргэд уушгиа эмчлүүлж байна.


Улаанбаатарчууд өвөл нь яндангийн угаарын хий, машины моторын хорт утаа, зун нь ил жорлонгоос үүдэлтэй хөрсний нянгийн бохирдол, автомашины резин дугуйны элэгдлийн бичил тоосонцроос болж уушгины өвчин сүүлийн 15-20 жилд эрс нэмэгдсэн.


Улаанбаатарыг утаагүй болгоно гээд баахан мөнгө төгрөг идэж уугаад өнгөрсөн хугацаанд сүйтгэлээ шүү дээ. Уг нь энэ хот уртаашаа 50 км орчим, өргөөшөө 20 км орчим 4 уулын  тогоо шиг хонхор  дотор багтсан жижигхэн талбайтай юм шүү дээ. Түүн дээр өвөлдөө хойноосоо урагшаа, зундаа урдаасаа хойш салхины ердөө хоёрхон үндсэн урсгалтай. Энэ урсгалыг хаагаад байгаа Эмээлтийн хөтлийн түвшнийг нь нам болгож /дэлбэж/ салхины урсгалыг нь чөлөөлж чадвал Улаанбаатар шиг жижиг хот салхины хурд 3-8 м/сек байхад л 30 минутын дотор утаагүй болно биз дээ. Гэтэл ийм амар хийж болох зүйлийг хийхгүй л байна шүү дээ.


-Танай “Мишээл” эмнэлэг 29 жил тасралтгүй ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсож байгаа юм байна. Танай хамт олны эрхэм зорилго юу вэ?

-Манай “Мишээл” эмнэлгийн Эрхэм зорилго бол, Уушгины мэс заслын тусламж үйлчилгээг монголын ард иргэдэд мэргэжлийн өндөр түвшинд чанартай, шуурхай, хүртээмжтэй үзүүлнэ.

ТАНИЛЦУУЛГА: “Мишээл” эмнэлэг 1994 онд байгуулагдсан, анхны ортой эмнэлгүүдийн нэг.

Одоо уушгины мэс заслын 15 ор, ерөнхий мэс заслын 15 ор, клиникийн сувиллын 30 ортой үйл ажиллагаа явуулж байна. ЭМШУИС-тай 2013 оноос гэрээгээр хамтран ажиллаж, резидент эмчийн сургалт явуулж байна.

Мөн БНСУ-ын Дүнгүг их сургуулийн гэрээт эмнэлэгтэй хамтран ажилладаг. Тус эмнэлэг нь санционар, амбулатори, лаборатори, дүрс оношилгооны кабинетууд ба иж бүрэн нөхөн сэргээх эмчилгээний орчин бүрдүүлсэн байна.

СХД-ийн иргэдэд ерөнхий мэс заслын чиглэлээр тусламж, Эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.

Холбоотой мэдээ