Турк, Сириэс авах сургамж

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-02-10 16:57:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк, Сирид  болсон газар хөдлөлтөөс  хойш тав хоног өнгөрч байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр амиа алдагсдын тоо 21 мянга давж, 10 мянга гаруй хүн бэртээд байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд нуранги дор хүмүүс байсаар байгааг дэлхийн агентлагууд мэдээллээ.


Гамшгийн бүсэд аврах багийнхан бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам амьд хүн олдох магадлал багасах юм. Учир нь хүн удаан хугацаагаар усгүй байх нь хамгийн эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.


Газар хөдлөлтөд өртсөн Сири улсад нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд тус улсад олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас дэд бүтэц нь сүйдэж, олон улсын тусламж хүргэхэд хүндрэл үүсч байгааг BBC-гийн мэдээнд дурджээ. Ийнхүү Сирийн нөхцөл байдал дэлхий нийтийг түгшээж байна. Барууны хэвлэлүүдээр Сирийн ард түмэн дүрвэгчид өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд иргэний дайн зэвсэгт мөргөлдөөн босогчдын зохион байгуулалттай халдлагатай тулгарах хүнд нөхцөлд амьдарч ирсэн. Үүнтэй зэрэгцэн байгалийн гамшигт үзэгдэл болсон нь харамсалтай хэмээн бичиж байна. Түүнчлэн өвлийн улиралд энэхүү хүчтэй газар хөдлөлт болж, уулархаг газраараа хасах 16 хэмийн хүйтэн байгаа нь хүмүүст туслах боломжийг бууруулах магадлалтайг онцолжээ. Одоогийн байдлаар Сири дэх газар хөдлөлт болсон нутаг дэвсгэрт 1.7 сая дүрвэгч амьдарч байгаа гэсэн мэдээлэл байна. Цаашид эдгээр хүмүүсийн амьдрал маш хүнд байдалд орох эрсдэлтэй. Улмаар Сирийн хил хаалттай, хатуу хараа хяналтан дор байгаа учир олон улсын тусламж хүрэхэд бэрх байгааг хэвлэлүүд онцолж буй юм.


Харин Турк улсын хувьд 85 сая хүн амтай бөгөөд 13 сая хүн газар хөдлөлтийн бүсэд байгаа аж. Тиймээс Туркийн 10 мужид гурван сарын хугацаатай онц байдал зарласан. Гамшгийн нөхцөл байдал дор хаяж гурав ба түүнээс дээш сар үргэлжилнэ. Хоол хүнс, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн тусламж гээд маш олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай нүүр тулж байна. Нурангиас амьд үлдсэн хүмүүс цаашид хаана амьдрах, өнчин хоцорсон хүүхдүүдийг хэрхэх вэ, гамшигт өртсөн хотоо хэрхэн сэргээн босгох вэ гээд асуудлууд ар, араасаа ундарна. Тэгвэл өчигдөр Дэлхийн банкнаас Турк улсад суурь дэд бүтцийг сэргээн босгох, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулан 1.78 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Дэлхийн 80 орчим улсаас газар хөдлөлт болсон бүс рүү тусламжаа илгээсээр байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэхүү байгалийн гамшигт үзэгдлийг "Зууны хамгийн том гамшиг" хэмээн нэрлэж, ард иргэддээ жилийн дотор сэргээн босголт хийхээ амлалаа. Харин Сирийн хувьд байдал хүнд хэвээр байгаа бөгөөд НҮБ-ын хүмүүнлэгийн анхны тусламжийг хүргэжээ. Тодруулбал, НҮБ Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн Баб Аль-Хава хилийн боомтоор тусламжаа нэвтрүүлсэн бөгөөд үүнийг тухайн бүс  нутагт хүрэх цорын ганц зам хэмээн онцолсон байна.

 

Ийнхүү дэлхий нийтийг шимшрүүлж буй байгалийн гамшигт үзэгдлээс улс орнууд сургамж авч, эхнээсээ анхаарч эхэллээ. Үнэндээ олон хүний амь авч буй энэхүү байгалийн гамшиг дэлхий нийтэд дохио өгч сургамж болон үлдэж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүн төрөлхтөн мөхөсддөг гэдгийг Турк, Сирийн жишээнээс бид харж байна.

МОНГОЛЧУУД ГАЗАР ХӨДЛӨЛТӨД БЭЛЭН ҮҮ?


Монголын баруун хэсгүүд газар хөдлөлтийн хамгийн идэвхжилттэй бүс. Тухайлбал Булнайн нуруунд 1905 онд болсон  газар хөдлөлт, Говь-Алтай аймагт 1957 онд 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт зэрэг нь манай улс дахь хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог.


2005 оноос хойш Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өмнө нь жилд дунджаар 200 газар хөдлөлт болдог байсан бол эдүгээ 1000 орчим газар хөдөлсөн нь бидэнд дохио илгээж буйн илрэл юм. Тодруулбал, Улаанбаатар хотыг тойрсон зургаан идэвхтэй хагарал байгаа бөгөөд энэ нь олон мянган жилийн өмнө маш хүчтэй газар хөдлөлтүүд болсон гэдгийг гэрчилдэг байна. Ийнхүү хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий зургаан идэвхтэй хагарал хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэлд байгаа нь хамгийн том эрсдэл юм. Туркийн сургамжаас харахад, саяын газар хөдлөлтөд 11 мянга гаруй барилга сүйдсэн гэх агаад эдгээрийн дийлэнх нь 2000 оноос өмнө баригджээ. 1999 онд Турк улсад хүчтэй газар хөдлөлт  болж 17 мянган иргэнээ алдсан гашуун түүх бий. Үүнээс сургамжлан тус улс барилгын чанартаа онцгойлон анхаарч, хяналт тавьж эхэлсэн гэдэг. Гэсэн хэдий ч дахин аюултай нүүр туллаа. Үүнээс үзэхэд  Монголд газар хөдлөлт болоход хамгийн түрүүнд байшин барилгууд тэсвэртэй юу гэсэн асуулт урган гарч байна.Үнэндээ замбараагүй хот төлөвлөлт, чанаргүй барилгын уршгийг Туркийн ард түмэн амсаж буйг дээрх үйл явдлаас харж болохоор байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар манай  байшин барилгын 40 гаруй хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй юм байна.


2011-2021 оны хооронд Монгол орны нутаг дэвсгэрт болсон магнитуд нь 3.5 буюу түүнээс дээш газар хөдлөлтийн тоон мэдээлэл


Манай улсын Одон орон геофизикийн хүрээлэнгээс нийт газар нутгийн 2 хувь нь 9 балл, 50 хувь нь 8 балл, 48 хувь нь 7 баллад оршиж байна гэсэн судалгааг гаргажээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 9821 барилга байгууламж байгаагаас 1844 нь 2002 оноос өмнө баригдсан байна. Түүнчлэн 778 барилгад газар хөдлөлтийн эрсдлийг үнэлснээс 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 195 нь хүчитгэх шаардлагатай, 377 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс  газар хөдлөлтийн идэвхжил огцом ихэссэн энэ үед барилгын стандартын чанарыг сайжруулах, аливаа гарч болох эрдсэлд бэлэн байх шаардлагатай бид нүүр тулж байна. Олон улсын стандартаар  газар хөдлөлтөөс сэргийлэхийн тулд улс орнууд байшин барилгаа  авто замаас хол барьдаг. Гэтэл манай барилгууд автозамтайгаа зэрэгцэн оршдог гээд асуудлууд их бий. Иймд зөвхөн гуравдугаар сард газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах ажлыг хийх бус сурталчлан таниулах, газар хөдлөлт боллоо гэхэд ямар арга хэмжээ авах талаар иргэдээ мэдээлэлжүүлэхээс эхлээд бидэнд хийх зүйл их байна. Түүнчлэн газар хөдлөлтийн дараа ихэнх улс орнууд барьц алддаг нь нууц биш.  Хүнээ богино хугацаанд хэрхэн аврах вэ, тусламжийн үйл ажиллагааг яаж хүмүүстээ хүргэх вэ, хорогдох байр, ундны ус, хоол хүнсээр хангах гээд маш олон ажлыг цогцоор нь шийдэх шаардлага үүсдэг. Аврах ажиллагааны явцаас харахад тээврийн хэрэгсэл хомс, зам эвдэрсэн зэрэг логистикийн олон саад бэрхшээлээс үүдэлтэй хүмүүсээ аврахад цаг алдаж байгааг Туркийн жишээ харуулж байна.


Газар хөдлөлтийн энэхүү гамшиг нь хүний амь эрсдэж, хот сүйрээд зогсохгүй, голын эрэг орчмоор нуралт үүсэх, газар доорх шугам сүлжээний задрал, хөрсний бохирдол гээд олон эрсдлийг араасаа дагуулдаг. Энэ бүхэнд гамшгаас сэргийлэх цогц бодлого, дэд бүтэц, байшин барилгаа чанаржуулж, сайжруулах, аюулаас урьдчилан сэргийлж ард иргэдийнхээ гамшгийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг бидэнд харууллаа.  

Холбоотой мэдээ