Шинжлэх ухааны салбарын охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
erdenebat@montsame.mn
2023-02-11 08:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын ерөнхий ассамблейн 2015 оны 12 дугаар сарын 22-ны тогтоолоор  жил бүрийн 2 дугаар сарын 11-ний өдрийг Шинжлэх ухааны салбарын охид, эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг бий болгожээ.


Гэхдээ засгийн газар, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудад эмэгтэйчүүд, охидод боловсрол эзэмших, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлэхийг уриалжээ.


Шинжлэх ухааны докторын зэрэгтэй хүмүүсийн 43 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Гэхдээ байгалийн шинжлэх ухаан, тоо, инженерийн ухаан, аж үйлдвэр, барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь цөөн байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Нобелийн шагналын шинжлэх ухааны салбарын эздийн 3 хувийг эмэгтэй эрдэмтэд эзэлдэг гэсэн баримт байна.


Дэлхийн нийт судлаачдын 28.8 хувийг эмэгтэй судлаачид бүрдүүлдэг байх юм. Тэднийг бүс нутгаар нь авч үзвэл Төв Ази (48.1 хувь) тэргүүлж, Латин Америк (45.4 хувь), Арабын улсууд (39.8 хувь) Төв болон Зүүн Европт (39.5 хувь) удаалж байна гэсэн мэдээллийг ЮНЕСКО-гоос гаргажээ. Эдгээр нь шинжлэх ухааны салбар дахь охид эмэгтэйчүүдийн талаарх тоо баримт юм.


Монгол улсын шинжлэх ухааны салбар дахь охид, эмэгтэйчүүдийн талаар зарим нэг тоо баримтыг авч үзье. Шинжлэх ухааны академи (ШУА) 59 академичтай. Түүний 3 нь эмэгтэй байх жишээтэй. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд 1122 ажилтан албан хаагч ажилладаг. Түүний 547 нь эмэгтэйчүүд байна. Тэдний дундаж нас 30-35 байна.


Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ихэнх нь охид, эмэгтэйчүүд байдаг. Тухайлбал, бакалавр, магистрын зэрэгтний 53 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн судалгаа олон улсад байна. Монгол улсын хувьд ч ижилхэн. Манай улсын боловсрол, эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын 80 (эрүүл мэнд 81 хувь, боловсрол 82 хувь) орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 

Холбоотой мэдээ