Хамран сургалт 90 гаруй хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-31 21:27:00

Энэ хичээлийн жилд Баянхонгор аймагт Улсын төсвийн 30 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон бөгөөд бүртгэлтэй холбоотой санал гомдол гараагүй байна.

Элсэлтийн бүртгэлийг дарааллын дагуу хийж үйлчилсэн бол хамран сургалтыг тойргоороо авах байдлаар ажиллажээ.

Харин цэцэрлэгүүдийн урсгал засварын тухайд ерөнхийдөө дуусаад байгаа бөгөөд аймгийн төвийн Гуравдугаар цэцэрлэгийн хувьд "Өвсний үндэс" төслөөс 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт аваад засварын ажил ид өрнөж байгаа аж. Гэр бариад ч болов хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэж байна.

Мөн энэ хичээлийн жилд 5дугаар цэцэрлэг өргөтгөл хийж, бага ангийн 2 бүлэг нээсэн бөгөөд засварын ажил бүрэн дуусчээ. Харин 1000 төгрөгийн хандивийн цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусч нээлтээ хийсэн ч улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Тус цэцэрлэг нь 490 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг юм.

Шинэжинст сумын хувьд цэцэрлэгийн барилгагүй байсан бол энэ жил шинээр цэцэрлэг баригдаж, санхүүжилт гүйцвэл ашиглалтад ороход тун дөхөөд байгаа аж.

Ийнхүү энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол олгох хамран сургалт 90 гаруй хувьд хүрч байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ