Нийслэл хүрээнээ “Тэнгэрийн хувилгаан” хэмээн өргөмжлөгдөж, Богд хааны оточ болсон солонгос эмч И Тэ Жүн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-14 09:33:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд буюу 2 дугаар сарын 13-17-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна.


Манай хоёр улс 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоох тухай протоколд гарын үсэг зурж, БНСУ Улаанбаатар хотноо 1990 онд, Монгол Улс Сөүл хотноо 1991 онд тус тус ЭСЯ-аа нээсэн түүхтэй. Өнөөдөр БНСУ улс нь хамгийн олон монгол иргэн амьдардаг гадаадын улс юм. Өдгөө тэнд 53 мянга гаруй манай улсын иргэд ажиллаж, амьдарч байна.


Хэдийгээр хоёр улсын орчин цагийн харилцаа 30 гаруй жилийн түүхтэй ч Монгол-Солонгосын түүх, соёлын харилцаа, хамтын ажиллагааны асар эртний улбаатай юм. Тухайлбал, 800 жилийн өмнө буюу 1219 Их Монгол Улс-Гурё улсын хооронд “Ах дүүгийн тангаргийн гэрээ” байгуулсан баримт байдаг. Эдгээрээс Монгол-Солонгосын харилцаанд хамаарах нэгэн түүхэн эрхмийн тухай энэ удаа онцолж байна.


Энэ бол өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнө буюу XX зууны эхээр Монгол Улсын сүүлчийн хаан YIII Богд Жавзандамба хутагтын дэргэд ажиллаж байсан  И Тэ Жүн хэмээх солонгос оточ юм.


Японы эрхшээлд орсон эх орноосоо Хятад руу дүрвэсэн И Тэ Жүн эмч 1914 онд Нийслэл хүрээнд ирж эмнэлэг байгуулан ажиллахын зэрэгцээ Хятад дахь Солонгосын эх орончдод Монголоос санхүүгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх замаар хувьсгалын үйл хэрэгт оролцож байжээ. И Тэ Жүн нь өөрийн хамтран зүтгэгч, эх оронч Ким Гюү Шигтэй нууц цэргийн сургууль байгуулах зорилгоор 1914 онд анх Монголд орж ирэн тухайн үеийн Нийслэл хүрээнд эмнэлэг байгуулан ард түмний дунд ихээхэн дэлгэрээд байсан өвчнийг анагааж “Тэнгэрийн хувилгаан” хэмээн өргөмжлүүлж явжээ. Ийнхүү Нийслэл хүрээнд /Одоогийн Улаанбаатар хот/ алдар нэр нь түгсэн тэрбээр YIII Богд Жамзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллах болсон байна.


Монголын эзэн хаан YIII Богд Жавзандамба хутагт зарлиг гарган 1919 оны 7 дугаар сарын 21-нд И Тэ Жүн эмчийг Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж монголчуудын төлөө гаргасан сэтгэл зүтгэл, гавьяаг үнэлж байжээ.


И Тэ Жүн эмч 1883 оны 11 дүгээр сарын 21-нд Солонгосын Өмнөд Кёнсан мужийн Хаман суманд төрж, тухайн үеийн "Северанс" Анагаахын сургууль буюу одоогийн Ёнсэ Их сургуулийн Анагаахын сургуулийг 1911 онд дүүргэжээ. Их сургуулиа төгсөөд "Северанс" эмнэлэгт дадлагажигчаар ажиллаж байсан боловч тухайн үед Японы эзлэн түрэмгийлэгчид нутагт нь орж ирэн баривчлагаа, дарамт хавчлага их болсон тул 1912 онд аргагүйн эрхэнд БНХАУ-ын Нанжин хот руу дүрвэхэд хүрчээ. Улмаар тэндээсээ Богд хаант Монгол улсын нийслэл Хүрээнд орж ирэн эмнэлэг байгуулж, хүн ардыг эмчлэн түүгээр алдаршсан хүн юм. Тэрээр Солонгосын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдаж байсан Ан Чан Хугийн Японы эсрэг хөдөлгөөнийг дэмжигч байсан байна.


Монголд амьдрах хугацаандаа И Тэ Жүн Шанхайд байсан Солонгос улсын түр Засгийн газарт санхүүжилт хүргэх, “Иёлдан” бүлгэмийн үйл ажиллагаанд оролцох зэргээр өөрийн орны тусгаар тогтнолын хөдөлгөөнд багагүй хувь нэмрээ оруулж, Богд хаант Монгол Улсад хандан өлсгөлөнд нэрвэгдсэн солонгос хүүхдүүдэд туслах бичиг өргөн барих зэрэгт тодорхой нөлөөлөл үзүүлж байсан түүхэн баримт бий.


Тэрбээр 1921 онд япон цэргүүдтэй далдуур холбоо тогтоож байсан Оросын цагаантны цэргүүдийн гарт ид залуу 38 насандаа харамсалтайгаар амиа алдаж эх нутагтаа очиж чадалгүй Монголын тал нутагт мөнхөд нойрссон байна.


БНСУ-ын Засгийн газраас И Тэ Жүн эмчийн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан түүний алдар гавьяаг үнэлж 1990 онд “Эх оронч” тэмдгээр нэхэн шагнажээ. Мөн Монгол Улс, БНСУ-ын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Зайсан толгойн аманд байгуулсан юм. Улмаар 2009 оны 7 дугаар сард И Тэ Жүн эмчийн хүсэл тэмүүлэл, эх оронч үйлсийг эргэн дурсах зорилгоор цэцэрлэгт хүрээлэн дэх дурсгалын музейг БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр байгуулжээ. Улаанбаатар дахь “И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” нь одоо иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг газруудын нэг юм.


БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийхээ дараа Зайсан дахь “И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”- д шууд очиж, хүндэтгэл үзүүлж байв.


Холбоотой мэдээ