АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёд бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёд бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын төр, Засгийн газар Монголын төлөөлөгчдийг халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, энэ өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажилллагааг шинэ шатанд гарган эрчимжүүлэхээр тогтож, хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсныг сайшаан тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэн бэхжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг нотлов.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улс БНСУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцолж, хэл соёл, зан заншилын хувьд ижил төстэй зүйл их байгаа нь ард түмний хоорондын харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хөшүүрэг болж буйг тэмдэглэв.
Энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, БНСУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)”-ийн яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулж ажиллахаар тохирч, энэ чиглэлд хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсныг сайшааж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллах болсныг өндрөөр үнэлэв. БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс эдгээр чухал гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын төр, Засгийн газрын бодлоготой уялдуулан дэд бүтэц, тээвэр логистик, аж үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлж, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын ховор элемент, нэмүү өртөг шингэсэн хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг чиглэлээр үр ашигтай хамтран ажиллахаар болсныг Парламентын түвшинд дэмжиж ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, ойрын хугацаанд иргэд харилцан визгүй зорчдог болох чиглэлд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс тусгайлан анхаарч ажиллахыг хүсэв. Иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлснээр хүн хоорондын харилцаа, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоо, үйл ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг эерэг үр дагавартайг онцлоод визийн зөрчил зэрэг хоёр талын хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг урагшлуулан хамтран ажиллахаар болов.