БНСУ руу 7 хоногт 70-80 удаа нислэг үйлдэх боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-20 08:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотноо энэ сарын 16, 17-нд ажиллан, БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт, хэлэлцээ хийн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Уулзалтаар талууд нислэгийн давтамж, багтаамжийг нэмэх, шинэ чиглэл нээх, карго нислэгийн давтамжийг нэмэх, агаарын тээврийн салбарт хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.


Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан зорчигчдын урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж, өвлийн улиралд БНСУ-ын талаас 7 хоногт 2500 суудлын багтаамжтай 9 давтамжийг 3350 суудлын багтаамжтай, 12 удаагийн болгож байна.

Монгол Улсын талаас 7 хоногт 2500 суудлын багтаамжтай 11 давтамжийг 3350 суудлын багтаамжтай 15 удаагийн, зуны улиралд БНСУ-ын талаас 7 хоногт 5000 суудлын багтаамжтай 18 давтамжийг 6000 суудлын багтаамжтай 22 удаагийн, Монгол Улсын талаас 7 хоногт 5000 суудлын багтаамжтай 20 давтамжийг 6000 суудлын багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг болгож үйлдэхээр тохиролцлоо. Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж, 7 хоногт 585 суудлын багтаамжтай 3 давтамжийг 1200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай болгон нислэг үйлдэхээр тохиролцсоныг ЗТХЯ мэдээлэв.


Түүнчлэн, Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчеон”, “Гимхэ” ОУНБ-аас бусад олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэх хүсэлтэйг харгалзан шинэ цэг тохиролцох тухай саналыг БНСУ-ын талд танилцуулжээ. БНСУ-ын тал саналыг хүлээн авч, агаарын тээвэрлэгчид цэг сонгох боломж олгохоор “Инчеон”, “Гимхэ” ОУНБ-аас бусад орон нутгийн 3 нисэх буудлаас тус бүр 600 суудлын багтаамжтай 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцоод байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотыг агаарын харилцааны хэлэлцээрт нислэгийн цэгээр нэмж тохирох саналыг танилцуулж, харилцан 3 чиглэл шинээр нээх зарчмаар хамтран ажиллахаар боллоо. 


Цаашид карго нислэгийн давтамжийг нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтойгоо талууд онцлон тэмдэглэж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), бусад боломжит байгууллагын хөрөнгө оруулалт, туслалцаатай Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцолжээ.

 

 

Холбоотой мэдээ