УГТЭ уналт таталтын мэс заслын эмчилгээг эхлүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-02-27 13:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой хүмүүст өнөөдрийг хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийж ирсэн бол Улсын Гуравдугаар төв эмнэлэгт тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр өнгөрсөн жилээс энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрт мэс засал эмчилгээг амжилттай хийж эхлүүлээд байна.


Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн баг уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг. Энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор 50-120 мянган ам.доллар орчмын өндөр өртөгтэй байдаг тул манай иргэд тэр бүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг. 

Тэгвэл тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын баг болон дотоодод эпилепсийн мэргэшсэн туршлагатай эмч нарын багтай хамтран өнгөрсөн оноос эмэнд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлтөт эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (Леннокс Гастогийн хам шинж) эмгэгийн үеийн Каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс заслын эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна. Мэс заслын эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасч, уналтын давтамж бүх тохиолдолд 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байна.
Тус эмнэлэг цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргуудыг нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд уналтын голомтыг нарийвчлан тогтоох оношилгооны тоног төхөөрөмжийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.



Холбоотой мэдээ