Хулгай, дээрмийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-27 15:18:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 14 хоногт 18,804 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногийнхоос 1.8 хувиар нэмэгдсэн байна. 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 503, зөрчлийн шинжтэй 12283, мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1311, зам, тээврийн ослын 4585 гомдол, мэдээлэл байв. Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийн шинжтэй гомдол багассан бол залилан, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо нэмэгджээ.


Мөн хугацаанд нийслэлд 1401 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногийнхоос 21 хувиар нэмэгдсэнийг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.


Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 54 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн ойр орчим, уулзвар, гарцад дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 134 алба хаагч халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлжээ. Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчинлэн хийд болон бусад 30 орчим сүм хийдэд ном хурах үеэр давхардсан тоогоор 32 анги, байгууллагын 4288 алба хаагч ажиллаж, хэв журмыг сахиулжээ.


Замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд 229 хяналтын цэгт давхардсан тоогоор 524 алба хаагч ажиллаж, 29328 зөрчил илрүүлэв. Хяналтын камераар 20514 зөрчил илрүүлжээ. Нийслэлд өнгөрсөн 14 хоногт зам, тээврийн ослын 3875 дуудлага бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил илрүүлснээс 25 нь осол гаргасан байна. 

Холбоотой мэдээ