ЗАВХАН: Ерөнхий боловсролын сургуулиудад "Итгэлтэй утас" ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сумын ерөнхий боловсролын "Дэвшил" сургууль "Монголын цахилгаан холбоо" ХК-тай хамтран "Итгэлтэй утас" буюу таксофон ажиллуулж эхэллээ.
-Сурагчдыг
аливаа эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн гишүүдтэйгээ
үнэгүй холбоо барих, мөн гар утасгүй хүүхдүүд болон гар утасны нэгж, цэнэг дуусах,
сүлжээ тасрах үед, байгалийн гамшгийн үед ч найдвартай ажиллах “Итгэлтэй утас”
таксофон үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Сургуулийн
хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хэрэгцээнд хамгаас том хөрөнгө
оруулалт болсон "Итгэлтэй утас" тэдний хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ байх болно.
Тодруулж хэлбэл, 70804600 утаснаас тан руу залгасан тохиолдолд эцэг эх та утсаа заавал аваарай. Таны хүүхдээс яаралтай, хэрэгцээтэй дуудлага ирж буй гэсэн үг. Бас анхаарал тавиарай.
Итгэлтэй утас, таксофоны ашиглалтын явц, гэмтлийг тухай бүр нь засварлана. Мөн таксофоны ашиглалтын зардал болох сар бүрийн 100 мянган төгрөгийн төлбөрийг тухайн сургууль нь төлөх юм.
Цаашид, Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуульд итгэлтэй утас, таксофоныг байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж "Монголын Цахилгаан холбоо" ХК-ийн Завхан дахь салбараас мэдээлэв.