Их далайг хамгаалах түүхэн хэлэлцээрийг баталлаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-03-06 12:34:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгчид НҮБ-ын төв байранд удтал хуралдсаны эцэст Дэлхийн их далайг хамгаалах тухай түүхэн гэрээнд /High Seas Treaty/ гарын үсэг зурлаа.


Хэлэлцээрт зааснаар, 2030 он гэхэд Дэлхийн их далайн эзлэх талбайн 30 хувийг тусгай хамгаалалтад авах бөгөөд ингэснээр далай тэнгисийн ургамал, амьтны аймгийг хамгаалж, нөхөн сэргээх боломж бүрдэнэ.


Гэрээг байгуулах хэлэлцээ удааширч, 10 гаруй жилийн турш үргэлжилсэн нь гэрээний санхүүжилт, загасчлах эрхтэй холбоотой асуудлуудаар талууд санал зөрөлдсөнтэй холбоотой.


Далайг хамгаалах тухай хамгийн сүүлчийн олон улсын хэлэлцээр 40 гаруй жилийн өмнө буюу 1982 онд батлагдсан нь Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенц юм. Баримт бичигт “нээлттэй тэнгисийн эрх чөлөөний зарчим”-ыг тунхагласан бөгөөд зарчмын хүрээнд бүх улс орон олон улсын усан орон зайд загасчлах, далайн тээвэр хийх, судалгааны үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг баталгаажуулжээ. Өнөөдөр задгай далай тэнгисийн дөнгөж 1,2 хувийг олон улсын хамгаалалтад аваад байна.

Уур амьсгалын өөрчлөлт, загасыг хэт их хэмжээгээр агнах, далайн тээврийн идэвхжил зэргээс үүдэн хамгаалалттай усан талбайгаас гадуурх орон зай дахь ургамал, амьтны аймагт багагүй хохирол учирч байна.  


Олон улсын байгаль хамгаалах холбооны тайланд дурдсанаар, далай тэнгисийн биологийн төрөл зүйлүүдийн 10 орчим хувь нь устаж үгүй болохын ирмэг дээр иржээ.


Гэрээнд зааснаар, шинээр бий болгох хамгаалалтын бүсүүдэд үйлдвэрлэл явуулах, далайн тээвэр хийх ба геологи хайгуулын үйл ажиллагаа явуулахад хязгаарлалт тогтооно. Тодруулбал, далай тэнгисийн 200 м ба түүнээс илүү гүнээс металл, эрдэс бодисууд олборлохыг хязгаарлана. Учир нь, далайн гүнээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь далайн амьтад үржиж олширдог газруудыг түйвээж, дуу чимээний бохирдлыг үүсгэж, далайн ургамал, амьтны аймгийг хордуулах эрсдэлтэй гэж байгаль хамгаалагчид үзэж  байгаа юм. 


Далайн ёроолын асуудал эрхэлсэн Олон улсын байгууллага нь усны гүнээс ашигт малтмал олборлох лиценз олголтыг хянадаг бөгөөд тус байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, “далайн гүнд цаашид явуулах аливаа үйл ажиллагаа нь экологийн хатуу чанд шаардлагад нийцэх ёстой”.


НҮБ-ын төв байранд болсон хэлэлцүүлгийн явцад хөндсөн гол асуудлуудын нэг бол далайн генетик нөөц баялгуудыг хамтран ашиглах тухай юм. Далайн генетик нөөц гэдэг нь хүмүүсийн хувьд тодорхой үнэ цэнийг бий болгодог /хоол хүнс, эм үйлдвэрлэх/ далайн ургамал, амьтны биологийн материал юм.  

 

Баян чинээлэг улсуудын хувьд далайн гүнийг судлах хөрөнгө санхүүгийн боломжтой бол ядуу орнуудын зүгээс нэгэнт судлаад илрүүлсэн нөөц баялгийг тэгш хувааж хуваарилах тухай асуудлыг хөндөж байна.


Үүнтэй холбогдуулан Стокгольмын их сургуулийн далай судлаач Роберт Бласиак “далайн гүн дэх нөөц баялгийн хэмжээг өнөөдөр хэн ч үнэлэн тогтоож чадаагүй байгаад хэргийн учир оршино, иймээс түүнийг хэрхэн хуваарилах нь бүр ч тодорхойгүй” хэмээн ярилаа.  


“Өргөн дэлгэцийн, өндөр нягтралтай телевизорын зөвхөн 3-4 пиксель нь ажилладаг гээд төсөөлөөд үз дээ. Энэ бол далайн гүний талаарх бидний мэдлэгийн цар хүрээ. Одоогийн байдлаар хүмүүс бид далай дахь 230 мянга орчим биологийн төрөл зүйлүүдийг нээн илрүүлээд байгаа бол энэ тоо 2 саяас давна гэсэн таамаглал бий” гэж тэрбээр ярилаа.  

Холбоотой мэдээ