Турк, Сири байгалийн гамшигт өртсөнөөс хойш нэг сар өнгөрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-07 11:59:30

АНКАРА. /AP/. Турк, Сирийн нутгууд хүчтэй газар хөдлөлтөд өртсөнөөс хойш нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч олон зуун мянган хүнд шаардлага хангасан хоргодох байр, ариун цэврийн байгууламж хэрэгтэй байгаагаас гадна байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай байгаа нэг тэрбум ам.долларын ердөө 10-хан хувь нь л цугларсан нь хүмүүнлэгийн хямралыг даван туулах хүчин чармайлтад саад тотгор учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгч даваа гарагт мэдэгдлээ.


Хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон газар хөдлөлт, түүний дараах хүчтэй чичирхийллүүдийн улмаас Туркт 46 мянга гаруй хүн амиа алдаж, 230 мянга гаруй байшин барилга нурж сүйдэж, олон зуун мянган хүн орон гэргүй болоод байгааг тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн их уршиг дагуулсан гамшиг гэж тодорхойлж байна. НҮБ-ын тооцоогоор, Сирид байгалийн гамшгийн улмаас 6000 орчим хүн амиа алдсаны дийлэнх нь босогчдын хяналтад байдаг баруун хойд нутгийн оршин суугчид байжээ.


Байгалийн гамшигт өртсөн бүсээс ойролцоогоор хоёр сая хүнийг түр хоргодох байраар хангаж, нүүлгэн шилжүүлээд байгааг Туркийн Засгийн газрын тайлан мэдээлэл харуулж байна. Тодруулбал, 1.5 сая орчим хүн майханд, 46 мянган хүн чингэлэгт хоргодож байгаа бол үлдсэн хэсэг нь дотуур байр, зочид буудалд байрлаж байна гэж Засгийн газар мэдээлжээ.


“Нүүлгэн шилжүүлсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо, учирсан хохирлын хэмжээ зэргийг авч үзэхэд бидэнд хүмүүнлэгийн тусламжийн асар их хэрэгцээ байна. Зарим мужид хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа учир тэднийг хоол хүнс, хоргодох байр, ундны усаар хэрхэн хангах вэ гэдэг асуудал тулгарч байна” гэж Турк дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Альваро Родригес “The Associated Press” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Өнгөрсөн сард НҮБ Сирид байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахад 397.6 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриалснаас тал гаруйхан хувь нь цугларсан байна. Харин Туркт ирэх гурван сарын хугацаанд хоол хүнс, боловсрол, ундны ус, хоргодох байр зэрэг яаралтай хэрэгцээг хангахад нэг тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй байгаагаас 10 хүрэхгүй хувь нь л цугларсан гэж А.Родригес хэллээ.


“Энэхүү тусламжийн хэмжээ 10 хувиас хэтрэхгүй бол НҮБ болон түнш байгууллагууд хүмүүнлэгийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ. Турк сүүлийн жилүүдэд Сирийн дөрвөн сая дүрвэгчид дэмжлэг үзүүлсээр ирсэн, харин одоо олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Туркт зохих дэмжлэгийг үзүүлэх цаг ирээд байна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.


Дэлхийн банкны тооцоолсноор, газар хөдлөлтийн улмаас Туркт 34.2 тэрбум ам.долларын шууд хохирол учирсан нь тус улсын 2021 оны ДНБ-ий 4 хувьтай тэнцэж байна. Мөн сэргээн босгох ажиллагаанд түүнээс илүү хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдах төлөвтэй байгааг тус банкны тайланд дурдаад, эдийн засгийн саатал тасалдлын улмаас ДНБ буурах нь байгалийн гамшгаас учрах хохирлыг улам бүр нэмэгдүүлнэ хэмээн дүгнэжээ.


Харин Сири Улсад олон хүний амь насыг авч одсон, хүчтэй газар хөдлөлт болсноос сарын дараах байдлаар нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тусламжийн байгууллагууд хүн ихтэй түр хоргодох байрнуудад амьдарч буй гэр бүлүүдийн эрүүл мэндийн байдалд, түүнчлэн байгалийн гамшгийн улмаас дэд бүтцийн амин чухал байгууламжууд эвдэрч сүйдсэнд ихэд санаа зовниж байна.


Тухайлбал, Олон улсын улаан загалмай нийгэмлэг олон жилийн насжилттайгаас гадна дайны хөлд өртөөд байсан Алеппогийн усны байгууламж байгалийн гамшгийн улмаас улам эвдэрч сүйдсэнээр “системийн хүчин чадал муудаж, бохирдсон ус усны хангамжийг бохирдуулж болзошгүй эрсдэл нэмэгдээд байгааг” сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргажээ.


Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн тусламжийг шаардлагатай хүмүүст нь хүргэхэд улс төрийн болон логистикийн асуудал тулгарах тохиолдол гарч байна. Даваа гарагт “Amnesty International” байгууллагаас мэдээлснээр, хоёрдугаар сарын 9-22-ны өдрүүдэд Сирийн Засгийн газар хоол хүнс, эмнэлгийн тусламж, майхан зэрэг нэн чухал хэрэгцээтэй тусламжийг тээвэрлэсэн 100 орчим ачааны тэргийг Алеппо хотын курдүүд зонхилон амьдардаг хороолол руу нэвтрүүлэхийг хориглосон бол мөн хугацаанд Сирийн баруун хойд нутаг дахь босогчдын бүлгүүд Африн хот руу курдүүдийн илгээсэн 30 орчим ачааны тэргийг нэвтрүүлээгүй байна. 

Холбоотой мэдээ