СҮХБААТАР: Дэмжих жилийн хүрээнд бүх хүүхдийг нүд, шүдний үзлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-07 18:17:03

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласан. Дэмжих жилийн нээлтийн үйл ажиллагаа болж, энэ хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа. Тус аймаг 65,8 мянган хүн амтай. Үүний 32 хувийг 16 хүртэлх насны хүүхэд зээлж байна.


Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ, "2023 онд бид сум бүрт очиж хөгжил, хамгааллын үйлчилгээг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд хүргэнэ. Соёл урлаг, хүүхэд хамгаалал, эцэг эхчүүд, хүүхдүүдийн оролцоотой уулзалт, соёл урлагийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг, өртөөчилсөн сургалт, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх багийн үйлчилгээ зэрэг дөрвөн чиглэлд 40 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлнэ" гэлээ.

Аймаг, сумдын бүх ААНБ-ууд хүүхдийн өрөөтэй болох, ХБИ-д зориулсан стандартын налуу замтай болох, хүүхдийн асуудлаар ямар нэг шийдвэрийг заавал гаргасан байх, хүүхэд хамгааллын бодлоготой болох, эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагыг тавьж байгаа аж.

Дэмжих жилийн хүрээнд хийх ажлаас онцолбол, эрүүл мэндийн хүрээнд хүүхэд бүрийг нүд, шүдний үзлэгт хамруулна гэжээ. Учир нь нийт хүүхдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй байгаа бол мөн дийлэнх бүлэг нь ямар нэг байдлаар дэлгэцийн хамааралтай болсон гэх судалгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Тиймээс энэ хоёр чиглэлд голлон анхаарч буйг онцлов.


Цаашлаад хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаас, гадна тоглоомын талбайнуудад эрсдэлийн үнэлгээ хийж, камер, гэрэлтүүлэг, гарц, орцны тэмдэглэгээг нэмэгдүүлэх, байгаль орчин, хог хаягдал, агаарын бохирдлын асуудалд анхаарах, эрүүл чанартай ус уух боломжоор хангах, хүүхэд бүрийг нэмэлтээр дугуйлан секцэд хамруулах, бүх спорт заал хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх, соёл урлаг талаас хүүхдийн хөгжил, хамгааллын контент, мюзикл хийх, соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлээ танин мэдэх аялал зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн дэмжих жилийн хүрээнд байгууллага бүр дээр нэрэмжит туг, дэвтэр аялуулахаар болов. 

Холбоотой мэдээ