ДУНДГОВЬ: “Эмэгтэйчүүдийн боловсрол-Хөгжил” уулзалт, хэлэлцүүлэгт 350 эмэгтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-09 10:27:56
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Эмэгтэйчүүдийн боловсрол-Хөгжил” уулзалт, хэлэлцүүлэг, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, 350 эмэгтэй оролцлоо.



Үйл ажиллагааг Дундговь аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тус аймаг дахь салбар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин Б.Норовбанзадын нэрэмжит Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олон хамтран зохион байгуулж, эмэгтэйчүүддээ хүндэтгэл илэрхийлэн, энэ өдөр эмэгтэйчүүдэд үгээ хэлэх, санал бодлоо илэрхийлэх боломж олгосон юм.



Тус уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат мэндчилгээ дэвшүүлж, ЗДТГ-ын дарга Л.Доржбат “Орон нутгийн хөгжил ба эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь дахь салбарын тэргүүн Ж.Өлзийжаргал “Эмэгтэйчүүдийн байгууллагын оролцоо-Хөгжил” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Эмэгтэйчүүдийн холбооны салбараас “Эмэгтэйчүүдийн боловсрол-Хөгжил” сэдвээр мэдээлэл хийсэн.



Хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүд аймгийн хөгжил, бүтээн байгуулалт, цаашид анхаарах асуудлууд болон эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан бэрхшээл, түүнийг шийдвэрлүүлэх талаар олон санал дэвшүүлж, асуулт асуун санал солилцлоо.

Тухайлбал, төрийн удирдах албан тушаал эрхэлж буй эмэгтэй дарга нар үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, хамт олноо хуваах, талцуулах асуудал байгааг уламжилж, хог хаягдлыг бууруулах, хогийн савны тоог нэмэгдүүлэх, цэцэрлэгийн өргөтгөл хийж, өргөжүүлэх, байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, цэвэр усаа хайрлах, хэрэглээг бууруулж, саарал усыг ашиглах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн гэрийн цахилгааны монтажийг аюулгүй болгоход туслах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, аавуудад хууль журмын дагуу чөлөө олгож, ажлын цагийг зохицуулдаг байх зэрэг саналуудыг гаргасан юм.



Дундговь аймаг бохир усыг цэвэршүүлэхийн тулд усны цэгт шинжилгээ хийлгэсэн ба Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй 2023 онд 500,0 сая төгрөгийн үнэ бүхий цэвэр усны шүүлтүүр байршуулахаар болжээ. Үүнээс гарсан саарал усаар ногоон байгууламж нэмэгдүүлэхэд ашиглана гэдгийг аймгийн Засаг дарга танилцууллаа. Түүнчлэн хогийн савны тоог нэмэгдүүлж, бусад асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Энэ үеэр оролцогч бүсгүйчүүдэд аймгийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлж, цэцэг бэлэглэсэн бол Төв халхын дуулалт жүжгийн театр “Эрхэмсэг” тоглолтоо толилууллаа.  



Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмадууд, өнөөдөр үр бүтээлтэй ажиллаж буй эмэгтэйчүүдэд төрийн дээд шагнал болон аймгийн шагнал гардуулжээ.  

Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор  Д.Бямбаа, Р.Нэргүй, Ц.Содномпил, Ч.Бүсмаа, Б.Догоосүрэн, Н.Цэнд нарын ахмадыг, Дундговь аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны салбарын тэргүүн Ц.Батсайханыг Сангийн яамны Хүндэт жуухаар ХХҮГ-ын ажилтан Л.Буян-Эрдэнэ, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр ахмад настан Н.Орго, МОНЦАМЭ агентлагийн Дундговь дахь сэтгүүлч Д.Алтантогос болон Б.Сонидсайхан, Ч.Алимаа, О.Уранзаяа нарыг, аймгийн Засаг даргын Жуухаар С.Бат-Оюун, Д.Алтантуяа, Б.Бат-Орших, Ө.Гүнсэнсүрэн, Ц.Ганчимэг нарыг шагналаа.

Монголын гэр бүлийг алдаршуулах төвийн “Уран бэр” шагналыг Ц.Үүрийнтуяад мөн гардуулсан юм.  



Холбоотой мэдээ