Шадар сайд С.Амарсайхан Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-10 07:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын чухал гуравдагч хөрш, стратегийн түнш АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Манай улсын газар нутгийн нэлээдгүй хэсгийг хамарсан өвөлжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулж, АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан 100,000 ам.долларын тусламж үзүүлсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүнээ талархаж байна” гэлээ.  


Элчин сайд Р.Буанган энэ үеэр, “АНУ ардчилсан үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, Монгол, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит хуралдааныг энэ онд зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцсон юм.

Холбоотой мэдээ