Турк, Финланд, Швед гурван талын санамж бичгийг хэрэгжүүлэхэд хийх бодит алхмуудын талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-10 16:44:33

ЛОНДОН. /Anadolu/. Турк, Финланд, Швед “терроризмтой тэмцэх байнгын хамтарсан механизм нь урт хугацаандаа ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдээд, цаашид энэ хэлбэрээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо” гэж НАТО пүрэв гарагт мэдээлэв.


Гурван орны төлөөлөгчид мөн ирэх долоодугаар сард болох Вильнюсын дээд хэмжээний уулзалтаас өмнө дахин уулзахаар тохиролцсон гэж дээрх мэдэгдэлд дурджээ.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ талаар мэдэгдэхдээ, “Аюулгүй байдалтай нь холбоотой Туркийн талын санаа зовниж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд Финланд, Швед улсууд урьд өмнө байгаагүй алхмуудыг хийсэн. Вильнюст болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө бүх холбоотнууд соёрхон батлах үйл явцыг дуусгаж, Финланд, Шведийг эвслийн бүрэн эрхт гишүүнээр хүлээн авах цаг болжээ” гэв.


Уулзалтын үеэр гурван орны төлөөлөгчид өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан гурван талын санамж бичгийг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх бодит алхмуудын талаар хэлэлцсэн байна.


Турк, Финланд, Швед Испанийн нийслэл Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Анкарагийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд санамж бичигт гарын үсэг зурснаар Скандинавын хоёр орон тус холбоонд гишүүнээр элсэхэд нэг алхам ойртсон юм.


Энэхүү санамж бичигт зэвсгийн экспорт, терроризмын эсрэг тэмцэл зэрэг Туркт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. Нийт 30 гишүүн бүхий цэргийн эвсэлд нэгдэх Швед, Финландын хүсэлтийг Унгар, Турк улсууд л хараахан батлаагүй байгаа юм.

Холбоотой мэдээ