БУЛГАН: Н.Цасанчимэг: Ойн шилмүүс хуйлагч хортонтой стандартын хугацаанд тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-13 08:29:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ойн хариуцсан мэргэжилтэн Н.Цасанчимэгээс ой санг нэрвэж байгаа хортонтой тэмцэх ажлын талаар тодрууллаа.

          - Энэ жил ойн хортон судалгааны болон тэмцлийн ажлыг хаана хийхээр төлөвлөж байна вэ?

- Ой хортонтой тэмцэх ажлыг өнгөрсөн онд Хутаг-Өндөр Баян-Агт, Тэшиг, Орхон, Сэлэнгэ сумын 12,0 мянган га талбайд хийсэн. Ойтой 12 суманд 300,0 мянган га талбайд хортон судалгааны ажил явуулсан. 2023 онд ойн сантай сумдад 500,0 мянган га талбайд судалгааны ажил хийхээр нэмэгдүүлсэн байгаа. Ойн хортонтой тэмцэх ажлыг 23932 га талбайд буюу Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр суманд хийнэ.

- Сүүлийн жилүүдэд ойн сан шилмүүс хуйлагч хортонд нэрвэгдэж байгаа судалгаа байна. Үүнтэй хэрхэн тэмцэж байна?

- 2022 оны байдлаар шилмүүс хуйлагч буюу ойн хортон нийтдээ 232,0 мянган га талбайд тархсан. Үүнээс голомттой талбай нь 118,5 мянга га талбай байсан. Хутаг-Өндөр, Тэшиг, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Сайхан, Могод, Булган суманд тархалт их байлаа. Энэ жилийн хувьд 232,0 га талбайд байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр батлагдсан сумдад хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Шилмүүс хуйлагч хортонтой тэмцэх ажил өнгөрсөн жилийн хувьд харьцангуй үр дүн муу байсан. Яагаад гэвэл тендер зарлаж ажил гүйцэтгүүлэхдээ оройтож, 6-7-р сарын хооронд хийсэн. Хортонтой тэмцэх ажил оройтсон байсан. Ер нь 5-р сарын эхнээс 6-р сарын эх хүртэл хортонг устгах ажил хийх ёстой. Дөнгөж гарч ирж байхад нь устгахгүй, ид эрчээ авчихсан үед нь тэмцэх ажил хийхээр үр дүн бага байсан. Хортон бүрэн устаагүй. Энэ жилийн ойн хортонтой тэмцэх ажлын тендерийг зарлаад гүйцэтгэх компани шалгарсан. Гэрээгээ байгуулаад ирэх дөрөвдүгээр сарын 20-ноос ойн хортонг устгах ажлаа эхлэхээр төлөвлөж байгаа гэж ярилаа.

Шилмүүс хуйлагч их үржсэн жилдээ богино хугацаанд шинэсний шилмүүсийг идэж модыг хуурайшуулан яваандаа хатаадаг. Уг эрвээхэйд бага зэрэг идэгдсэн модны жилийн өсөлт 30, үр боргоцойн гарц 6-100 хувь буурдаг байна.

Холбоотой мэдээ