ГОВЬ-АЛТАЙ: Улаан номд данстай нэн ховор 13 зүйлийн ургамал бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-14 10:30:37

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг нь ургамал, газар зүйн мужлалтаар Евро Азийн хээрийн их муж, Төв Азийн буюу Говийн төв мужийн Алтайн өвөр говийн дэд бага мужид багтдаг бөгөөд тус аймгийн ургамалшлыг 6 хэв шинжид авч үздэг байна.


2017 онд хийсэн судалгаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт нийт 506 төрлийн ургамал байгаагаас эмийн ургамал 70 зүйл, хүнсний ургамал 39 зүйл, тэжээлийн ургамал 331 зүйл, гоёл чимэглэлийн ургамал 10 зүйл, техникийн ургамал 12 зүйл, ахуйн бусад хэрэглээний ургамал давхардсан тоогоор 60 зүйл, газрыг ургамалжуулах 36 зүйл, хорт ургамал 8 зүйл, Улаан номд данстай нэн ховор ургамал 13 зүйл, дансгүй нэн ховор ургамал 16 зүйл, улаан номд данстай ховор ургамал 5 зүйл, дансгүй ховор ургамал 19 зүйл тогтоогдсон. Харин Улаан номд дансгүй доод ургамлаас газрын хар үс /хуурай газрын замаг/, эрхий цагаан мөөг /жинхэнэ/ нь ховор ургамалд бүртгэгддэг тухай Говь-Алтай аймгийн  БОАЖГ-аас танилцуулав.


Говь-Алтай аймгийн ургамлын аймагт 16 зүйл унаган ургамал ургадаг байна. Үүнд: Монголчуудын хялгана, говийн зорлог /газар/, дэрэн ажигана, потанины толь өвс, монгол хамбий, хойрог харгана, монгол хунчир, шивүүрт ортууз, монгол сүүт өвс, монгол догар, говийн ганга, Потанины улаан тулам, монголчуудын тост, говийн шарилж, алтан шар шарилж, монгол хувилгана гэх мэт ургамал багтдаг. Манай орны Төв Азийн гойд тогтоц, гарал үүсэлтэй газар, хөрсөнд дэлхийн хаанаас ч  олдоггүй, байдаггүй чухал ашигт ургамал ургадаг тул даяаршил, геополитик, зах зээлд өртөгдөж болзошгүй 129 зүйл ургамлын улсын хэмжээгээр бүртгэсний дотор тус аймагт 55 зүйл ургамал байна.

Тухайлбал: заг, чихэр өвс, лидэр, зээргэнэ, зэрлэг сонгино, хөмөл, зэгс /эгэл нишингэ/ гэх мэт бий. Эдгээр ургамлыг эм, хүнс, түлээ, тэжээлд бага хэмжээгээр ашигладаг ажээ.

Холбоотой мэдээ