ГОВЬ-АЛТАЙ: Оюутан, сурагчдад хувь хүний санхүүгийн мэдээллийг түгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-15 09:54:28

Есөнбулаг /МОНЦАМЭ/. “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аян Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэхээр нээлтээ хийлээ.


Дэлхийн мөнгөний долоо хоног нь хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалаг зарцуулах, өөрсдийн санхүүгийн мэдлэгийг гэр бүл, анги хамт олон, найз нөхөдтэйгээ хуваалцахыг уриалах зорилгоор 2012 оноос хойш жил бүр зохион байгуулж буй дэлхийн 176 орны 50 гаруй сая хүүхэд залуусыг нэгтгэсэн олон улсын хөдөлгөөн юм. 


Монголбанк, Монголын банкны холбоо, БШУЯ-ны харьяа НТБТ, ГБХЗХГ болон төр, хувийн хэвшлийн бусад байгууллагатай хамтран “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аяны Говь-Алтай аймаг дахь нээлтийн ажиллагаа аймгийн Мазаалай хүүхдийн театрт болж, аймгийн төв Есөнбулаг сумын 5 сургуулийн дунд, ахлах ангийн 200 гаруй сурагч оролцлоо. Тэд “Дэлхийн мөнгөний долоо хоног -2023” аяны зорилго, хуримтлал, мөнгө санхүүгийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, мөнгөн тэмдэгтийн түүхтэй танилцан, сорилго уралдаанд мэдлэгээ сорьсон юм.


Тус аян нь энэ жил хувь хүний санхүүгийн хандлага, мэдлэгийг дээшлүүлэхээс гадна хүүхэд залуусын санхүүгийн шийдвэр, төлөвлөлт нь байгаль орчин, нийгмийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг байх зөв дадал хэвшилд уриалан дуудахад чиглэж байна.

Аян гуравдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилж, аймгийн хэмжээний нийт ЕБС-ийн сурагчид, МСҮТ, АШУҮИС-ийн оюутнуудад хувь хүний санхүүгийн мэдээллийг түгээх сургалт, мэдээллийн олон ажлыг Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбар болон арилжааны банкны салбарын хамт олон зохион байгуулна хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ