Улс төрийн хэлмэгдүүлэлт янз бүрийн хэлбэрээр 1990 он хүртэл үргэлжилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-03-15 16:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс 2022 оноос Завхан, Архангай аймгаас “Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал”, “Гэмшлийн гэрэлт зам” нэвтрүүлэг бэлтгэжээ.


Үүний нэг “Хөгжил” энтертайнментад захиалан бэлтгүүлсэн “ХАМАГ МОНГОЛЧУУД БҮҮ МАРТАГТУН” баримтат контентын “Хэлмэгдүүлэлт ба лам нар” хоёр дахь цувралын нээлт Монголын бурханы шашинтны төв /МБШТ/-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд өнөөдөр / 2023-3-15/ боллоо. Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр, /МБШТ/-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц нар уг баримтат нэвтрүүлгийн нээлтэд оролцсон юм.


Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1921 онд Саж ламын хэргээр эхэлжээ. Харин 1937 онд оргил үедээ хүрч, 1939 онд бага зэрэг саарсан гэж үздэг юм байна. Гэхдээ улс төрийн хэлмэгдүүлэлт янз бүрийн хэлбэрээр 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэл үргэлжилжээ.


Хилс хэрэгт нийт 18,775 лам, мяндагтанг хэлмэгдүүлж, тэдгээрийн 75 орчим хувьд нь цаазын ял оноосон бол үлдсэн хэсгийг нь хорьж шийтгэжээ. Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн лам мяндагтан нартай хамт соёлын үнэт өвүүдээ алдаж, оюун санааны асар их хохирлыг амссан байх жишээтэй.


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамж, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ард иргэдэд таниулах, ахин давтахгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв Хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номыг уншигчдадаа хүргэхээр болжээ.


Түүнчлэн Монгол Улсын Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, МУИС-ийн профессор, түүхийн ухааны доктор З.Лонжид, Түүхийн ухааны доктор С.Баатар нарын хамтран эмхтгэсэн “Хэлмэгдэл ба Цагаатгал” номыг сонсдог ном болгон сонсогч олонд хүргэхэд бэлэн болсон байна. 

Холбоотой мэдээ