Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-15 16:12:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өнөөдөр эхэллээ.


Шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2057 иргэн шалгалтад бүртгүүлжээ.


Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан ярихдаа, “Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний шалгалтыг авч дууслаа. Ирвэл зохих 140 хүнээс 101 нь шалгалт өгч, 30 нь тэнцсэн. Өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 хүн, нийт 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолсон гэлээ. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд 4 удаа буюу улиралд нэг удаа авахаар болсныг тэрбээр онцолсон юм.


Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалтад ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна. Шалгалтын дараагийн бүртгэл 4 дүгээр сард эхлэх бөгөөд иргэд цахимаар бүртгүүлэх боломжтойг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ