АРХАНГАЙ: Аймгийн 100 жилийн ойг угтсан тохижилтын ажилд иргэн, ААН-ийг манлайлан оролцохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-16 09:40:53

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж Цэцэрлэг хотын өнгө үзэмжийг сайжруулах, орчны хог хаягдлыг цэвэрлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор “Архангай-100 бидний оролцоо” тохижилтын аяныг эхлүүлж, энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ.


Аяны албан ёсны нээлтийг хийхээс өмнө аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар Архангай-100 бидний оролцоо” хэлэлцүүлгийг энэ сарыэ 15-нд зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэгт барилгын болон блок, евро хашаа үйлдвэрлэл, хүнд машин механизмын үйлчилгээ явуулдаг иргэн, ААН, ачаа тээврийн үйлчилгээ болон арилжааны банк, төрийн холбогдох байгууллагын төлөөлөл мөн иргэд оролцсон юм.


Хэлэлцүүлгийн гол зорилго нь иргэд хашаа байшин, гудамж талбай, зам, орчноо хямд өртгөөр тохижуулах ямар боломжууд байгааг олж харах, бизнес эрхлэгчид харилцан биенээ дэмжих боломжууд, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хамтран ажиллах ямар боломж гарц байгаа талаар хэлэлцлээ.


Оролцогчдоос гарсан саналыг тоймлобол чимэглэлийн гэрэл, гэрэлтүүлгийг бага зардлаар хийх боломж байна, борооны ус зайлуулагчийг хийх, гарцыг хааж бетон тавьж байхаар замын тэмдэг  тавих, гэр хорооллын эзэнгүй хашааг цэгцлэх, Цагаан давааны постыг аймгийн төвийн зүүн тал руу талбай сайтай газарт 2-3 эгнээ болгож шилжүүлэх, Цэцэрлэг хот доторх нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид байгаа мод бутыг арчилж, хэлбэрт оруулах, дулааны станцаа бариулах, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал болох хүрэм, хайрга, элс, ээзгий хайрга зэргийг олборлоход тулгамддаг асуудлуудыг анхаарч, бодлогоор дэмжих, айл өрхүүд хог хаягдлыг анхнаасаа ангилан хаявал хоёрдогч түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийх боломж байгааг, Цагаан хаалганы орчныг тохижуулах, модон нойлын асуудлыг цэгцлэх, хотын төвд зам дагуу асгасан овоолсон шороонуудыг эзэнжүүлж, зайлуулах, мандлын цэцэг тарьж өгөх хүсэлтэй зэрэг иргэд, ААНБ-ууд саналуудаа болон өөрсдөө хийх боломжтой байгаа ажлын саналуудыг хүртэл хэлж байлаа.


Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн 100 жилийн ойн өмнөх бүтээн байгуулалтын ажлуудын тендер ирэх долоо хоногт зарлагдаж дуусна. Орон нутгийн зүгээс аймгийнхаа компани, аж ахуй нэгжийг дэмжиж, хамтран ажиллана гэдгийг аймгийн Засаг дарга хэлээд “Архангай 100 жил бидний оролцоо” аянд иргэн, ААНБ-уудыг бүгд нэгдэж, өөрсдийн амьдрах орчныг тав тухтай болгоход манлайлан оролцохыг уриалсан юм.   

Холбоотой мэдээ