АНУ газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-16 12:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ манай улстай газрын ховор элемент, батарейн түүхий эдийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ


Харин Канад улс байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах технологийг Монгол Улсад нутагшуулах, түүнчлэн уул уурхайн дэвшилтэт техник, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна.


Эдгээр улс уул уурхайн салбарт Монгол Улстай хамтран ажиллах дээрх саналуудаа Канадын Торонто хотноо болсон “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт-2023” (PDAC-2023)-ын үеэр илэрхийлжээ.


Монгол Улс уул уурхайн олон улсын энэ чуулга уулзалтад 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байна. Чуулганаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавьж, Уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Тэрбээр, Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд бүх түвшинд анхааран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.


Манай улс "PDAC-2023"анх удаа үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, “Монголын өдөр” үйл ажиллагааг зохион байгуулав. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан, эрэлт өндөр арга хэмжээ болсныг оролцогчид онцолжээ. Түүнчлэн өөрийн орны ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид баримтлах бодлогын талаарх мэдээлэл бүхий тараах материал бэлтгэн хүргэжээ.


Чуулганаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канадын парламентын нийтийн танхимын дарга Энтони Рота, Канад улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафорд, Их Британи улс (ИБУИНВУ)-ын Эрдэс баялгийн асуудал хариуцсан сайд Нусрат Гани, мөн Канад, АНУ-ын хөрөнгө оруулалтын сан, банкууд, хөрөнгө оруулагчдыг урьж уулзан салбарын хөрөнгө оруулалтын талаар санал солилцсон байна




Холбоотой мэдээ