ТӨВ: “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээний аварга тасаг шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-17 08:07:43

Зуунмод /МОНЦАМЭ/ Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулдаг аймгийн Засаг даргын нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн болов. Тус тэмцээнд нийт 7 байгууллагын 100 гаруй албан хаагч мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгээ дайчлан оролцлоо.

 

Тодруулбал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын баг бүрэлдэхүүн тус тус оролцов.

 

Энэхүү тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдын цэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх давуу талтай юм. Мөн орон нутгийн үйл ажиллагаанд хамтран дэмжлэг үзүүлж, иргэдэд зэвсэгт хүчний болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах сайн талтай. Түүнчлэн тэмцээнд эмэгтэй албан хаагчдыг хамруулснаар тэдний ур чадвар, бүтээмж дээшилж байгааг онцоллоо.

 

Мөн энэ жилийн тэмцээний удирдамжид цэрэг, эх орон, тусгаар тогтнол, газар нутаг, түүх соёл, ёс заншлын агуулга бүхий “Урлаг” зохиомжит тоглолтыг үзүүлсэн нь онцлог байв.

 

Тэмцээний тэргүүн байрт хурандаа Ж.Мөнхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд байрт дэд хурандаа н. Дүнжингарав захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, гутгаар байрт хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги тус тус шалгарлаа. 


Холбоотой мэдээ