Монгол бичгийн юникод стандартыг жигдлэх ажил хэрхэн өрнөж байна вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-03-17 15:06:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бичгийг төрийн албанд албан ёсоор хэрэглэх бэлтгэлийг хангах нэг чухал ажил бол монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудлыг цэгцлэх ажил билээ. Өөрөөр хэлбэл, монгол бичгийн  хэрэглээ өргөжихийн хэрээр компьютерт монгол бичгээр бичих баялаг фондтой байх, тэдгээр нь өөр хоорондоо чөлөөтэй, алдаагүй хөрвөдөг байх нь нэн тэргүүний хэрэгцээ юм. Энэ шаардлага бүрэн хангагдахгүй байгаа нь гагцхүү Монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудлаас үүдэлтэй тул “2025 онд монголчууд бид бэлэн үү” буландаа энэ асуудлыг онцоллоо.  


Хосгүй өвөрмөц онцлогоосоо хамаарч, цахим орчинд төвөгтэй дүрслэгддэг, хэцүү бичгийн тоонд ордог босоо монгол бичгээ манай улс Юникод стандартын бүртгэлд оруулахаар 1996 оноос ажиллаж эхэлжээ. Улмаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан ажлын хэсгийг 1999 онд байгуулж, Юникод 3.0 ба олон улсын ISO/IEC 10646-1:2000 стандартыг 2000 онд гаргасан байдаг.


Ийнхүү монгол бичгээр цахим орчинд бичих, интернэтэд ашиглах нэгдсэн стандарттай болсон ч цахим орчны том үйлдлийн систем, программ (Windows, Mac, янз бүрийн web Browser)-уудад дэмжигдэхгүй байсан. Мөн энэхүү стандартад монгол бичгийн үсгийн хувирлуудыг хэрхэн кодлох талаар бүрэн тусгаагүйгээс хэрэглээ, нэвтрүүлэлт нь удааширчээ. Тиймээс компьютерын үсгийн фонд зохиогч, программ хөгжүүлэгч нар тус тусдаа дүрэм зохион ашиглах болсноор нэг үсгийн фонтоор бичсэн зүйлс өөр хөгжүүлэгчийн үсгийн фондоор сольж харахад буруу гардаг хүндрэл дагалдсаар байсан юм. Үүнийг шийдэх талаар олон улсын судлаач мэргэжилтнүүд уулзалт, хурал зохион байгуулж ирсэн ч монгол бичгийн юникод стандарт дахь "Үсгийн тэмдэгтийн байрлал оноосон хүснэгт", "Үсгийн хувирлын тайлбар хүснэгт" гэсэн хоёр хэсэгт ямар нэг засвар хийхэд бэрхшээлтэй хэвээр л байв.


Монгол бичгийн юникод стандарт тогтворжоогүй, харилцан нийцэлгүй шийдлүүд гарч хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 95 дугаар захирамж гарч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан юм.  


Харин Монгол Улсад 2019 онд болсон Олон улсын юникодын хурлын үр дүнд "Үсгийн хувирлын тайлбар хүснэгт"-ийг өөрчлөн сайжруулах асуудалд ахиц гарсан нь юу вэ гэхээр, талууд санал нийлсэн тохиолдолд дээрх хүснэгтийг шуурхай өөрчлөх шийдэлд хүрцгээсэн. Тиймээс Монгол Улс, БНХАУ-д өөр өөрсдийн стандартыг баталж, жигдлэх "үүрэгтэй"-гээр ажиллаж байгаа юм.


Энэ ажлын явц ямар байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалай нараас тодруулахад, Өвөрмонголын талын ажлын хэсэг дотоодынхоо олон зөрүү, өөр өөрөөр кодолсон ялгааг арилгаж нэгтгэсэн стандартын хувилбарыг бэлтгэж дуусжээ. 

 

Харин манай улсын хувьд, олон улсын Юникод стандарт (Unicode 15.0), Монгол Улсын стандарт “Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрэм” (MNS 4932: 2000), Өвөрмонголын шинэчлэн боловсруулсан стандартын кодчиллын дүрмийг харьцуулан судалж, ямар ч системээр цахим орчинд оруулсан монгол бичиг тогтвортой, өөрчлөлтгүй ашиглах зарчмыг мөрдсөн өөрсдийн хувилбарыг бэлтгэж дууссан байна.


Тиймээс хоёр талын саналыг нэгтгэн, асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх найдвар төрүүлж буй юникодын олон улсын хурал хэзээ болох төлөвтэй байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэнгээс тодруулахад, “Улаанбаатарт 2019 онд болсон юникодын 3 дугаар хурлын дараа Юникод консорциумын өмнөх удирдлага монгол бичгийн юникодын асуудлыг 4-р хурлаараа эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан юм. Тус хурлыг 2020, 2021 онд АНУ-ын Сан Хосе хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлагдсан. Үүнтэй холбоотойгоор манай талаас 4-р хурлыг Монгол Улсад зохион байгуулъя гэсэн санал тавьж байв. Тиймээс Юникод консорциумын шинэ гүйцэтгэх удирдлагад хурлыг зохион байгуулах санал хэвээр байгаагаа ч мэдэгдээд байгаа. Харин хурлын тов, хугацааг одоогоор тогтоогүй байна. Юникод консорциумаас Монгол Улс болон ӨМӨЗО-ы саналыг нэгтгэн, нэгдсэн нэг дүрэм болгоход чухал ач холбогдол өгч байна гэдгээ хэлсэн” хэмээв.




Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалай, “Монгол бичгийн юникод стандартын гол асуудал нь Өвөрмонголд нэг өөр, Монгол Улсад бас нэг өөр байгааг жигдлэх, ижил дүрстэй харагддаг тэмдэгтүүдийн асуудлыг шийдэх ажил юм” гэдгийг онцлоод, “Манай ажлын баг Хятадын талтай хамтран ажиллаж, хүснэгтүүдээ хэд хэдэн удаа солилцоод тулгаад явж байна. Ковидоос болоод 1- 2 жил зогсонги байдалтай болсон ч мэдээллээ цахимаар солилцож байсан” хэмээн тодотголоо.


Өдгөө нийтийн хэрэглээнд "Өргөө", "Улаанбаатар" зэрэг цөөн хэдэн фонд л ашиглагдаж байна. Монгол бичгийн хэрэглээг бүх нийтээр хэвшүүлэх, үндэсний бичгээ дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээлэл, ном хэвлэлийн газруудаас гардаг бүтээгдэхүүний чанар хүртээмж нь цахим орчинд уян хатан хөрвөж ашиглагддаг, монгол бичгийн баялаг фонттой байхаас хамаарах нь мэдээж.

Тиймээс монгол бичгийн юникод стандартын зэрэгцээ үндэсний бичгийн олон хэлбэрийн фонд хөгжүүлэх талаар ямар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар Б.Бадамсүрэн мэргэжилтнээс сонирхоход, 


Монгол бичгийн юникод стандарт буюу кодчиллын асуудал шийдэгдэнэ гэдэг нь монгол бичгийн үсгийн фонт зохиогч, хөгжүүлэгч нарт маш их боломж олгоно. Үүнийг манай фонт зохиогч, хөгжүүлэгч нар маш сайн ойлгож, тэр чинээгээр хүлээлттэй байгаа байх.


Манайд үсгийн фонт, тиг хөгжүүлэгч нар кодчилогч нараасаа хавьгүй илүү юм билээ. Монгол бичгийн юникодын кодчиллын асуудлыг эцэслэн шийдвэрлэж монгол бичгийн нийцлийг хангасан нэгдсэн нэг дүрэм  бий болгоно гэдэг нь фонт, тиг хөгжүүлэлтийг дэмжсэн ач холбогдолтой бодлого гэж ойлгох хэрэгтэй” хэмээн хариулсан юм.

 

Ташрамд дурдахад, Монгол Улсад 2019 онд болсон Юникодын олон улсын хурлаар монгол бичгийг кодлохдоо авиа зүйн зарчмыг гол суурь болгон баримтална гэж талууд тогтсон. Тэгэхээр өдгөө түлхүү хэрэглэгддэг "Өргөө", "Хүрээ", "Улаанбаатар" фондууд яах вэ, түүгээр бүтээсэн мэдээллийн их санг яах вэ гэсэн асуултад юникодын ажлын багийн гишүүн Б.Энхдалайгийн хариулснаар, тэдгээр нь хэрэглээнээс шахагдалгүйгээр, шинэ дүрэм стандартаар гарах фондуудын хажууд параллель маягаар хөгжөөд явах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, тэдгээрээр бичсэн эхүүдийг өөр фонд руу шилжүүлэхэд хөрвүүлэгч программаар шийдэх боломжтой гэсэн юм.  

Холбоотой мэдээ