“Сүхбаатар хөгжил-2016” зах зээлийн өдөрлөг энэ сарын 16, 17-д болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ, шилдэг үүлдрийн малыг шалгаруулан, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой "Сүхбаатар хөгжил-2016" зах зээлийн өдөрлөг 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд 10 дахь жилдээ зохион байгуулагдахаар болжээ.
Аймгийн засаг даргын захирамжаар өдөрлөгийг зохион байгуулах комисс байгуулагдан бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жил тус өдөрлөгийн 10 жилийн ойн тохиож байгаа учраас өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр зохион байгуулах зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг зохион байгуулах комиссын гишүүн Д. Хадбаатар хэлж байна.
Мөн энэ жил Сүхбаатар аймгийн 11 суманд цэцэг өвчний голомт илрээд байгаа учраас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шилмэл үүлдрийн малыг үзэсгэлэн худалдаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Харин улсын хэмжээнд зохион байгууллагдаг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа 9-р сарын 14-нд зохион байгуулагдахаар ХХААХҮЯ-наас тов гаргасан байна. Тус өдөрлөгт Сүхбаатар хөгжил-2016 зах зээлийн өдөрлөгөөс шалгарсан цөөн хэдэн аж ахуйн нэгж, албан байгууллага ,хувь хүмүүс оролцох юм байна.
Т. Одончимэг