ЗАВХАН: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтын оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-21 18:59:47

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” нэртэй сургагч багш бэлтгэх сургалт болж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 438 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, сургагч багш бэлтгэх энэ сургалтыг улс даяар 2-р сарын 18-наас 3-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд явуулна.



Улиастайд болж буй сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академийн болон орон нутгаас бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан явуулж байна. Сургалт гурван өдөр болох бөгөөд 1.5 өдрийн хөтөлбөртэй хоёр ээлжээр үргэлжлэх юм. Сургалтад аймаг, сумын ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн дарга, бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.  

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд, шат шатны төрийн албан хаагчдын үүрэг оролцоо чухал юм. Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн бүх шатны ажилтан, албан хаагчид бодлогоо сайн танин мэдэх. Улмаар албан хаагчид салбар бүрийнхээ ажлын зорилго, зорилттойгоо уялдуулж энэ бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.



-Бодлогын зорилго, зорилт, бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч байгаа сорилтын талаар энэ сургалтаар ярилцаж байна. Мөн төрийн албан хаагчдын үүрэг оролцоо ямар байх, цаашид анхаарах зүйлсийн талаар ч санал солилцлоо.  

Төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэр, мэдээллийг ард иргэдэд хүргэх гүүр болж, улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож хамтран ажиллана. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, эрхэлж буй ажилдаа эзэн болсон, чадварлаг мэргэжилтнүүдийн хамтын оролцоо чухал юм гэж сургалтыг зохион байгуулагчид онцлов.


Шинэ сэргэлтийн бодлогод, Монгол Улс төрийн бүтээмжийг сайжруулахын тулд цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тусгажээ. Мөн төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оноос мөрдөж байна.



"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд, Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг хөндөж байгаа. Тодруулбал, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх аж.


Энэ бодлогыг хэрэгжүүлснээр,

-Боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин,

-Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. 

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж тооцоолжээ. 


Холбоотой мэдээ