Улаанбаатар хотын бодлогыг нэг цогц болгох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-22 12:24:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцууллаа.


Төслийн хүрээнд үндэсний замын судалгаа хийж, Улаанбаатар хотын зорчигч тээврийн нөхцөл байдлыг тодорхойлох, нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга зам, нүүрстөрөгч багатай тээврийн төрлүүдийн туршлага солилцох чиглэлд ажилласан байна. Улаанбаатар хот өнөөгийн тогтсон загвараа хэрэглээд байвал утааны ялгарлыг харьцангуй багасгах ч 2050 он гэхэд бодлогын хэрэгжилтийг хангахгүй. Одоо байгаа суурь үзүүлэлтээс харахад хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ 50 хувь нэмэгдэнэ. Харин зөв бодлого хэрэгжүүлбэл 2015 оны түвшнээс 40 хувь хүртэл багасгах боломжтой. Энэ бүхэн ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлэхээр хамаарна гэж дүгнэжээ.


Энэ төсөл нь Засгийн газрын байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй болон цахилгаан тээврийн хэрэгсэл, шатдаг хийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилтод нийцэж байгааг ЗТХЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга С.Батболд тэмдэглэв.


Хөгжиж буй улс орны хувьд хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад ямар бэрхшээл тулгарч байгаа, юунд анхаарах талаар ОУТФ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким ярихдаа, “Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч хүн амынх нь 50 хувь нь нийслэлдээ төвлөрч амьдардаг тул эхний ээлжинд төвлөрлийг сааруулах шаардлагатай. Дэд бүтэц бий ч энэ салбарын санхүүжилт бага. Засгийн газраас олон улсын нийгэмлэгүүдтэй хамтран ажилладаг ч зорилгоо тодорхойлохын тулд хоттойгоо хамтран хот төлөвлөлтдөө анхаарах хэрэгтэй. Зорилгоо тодорхойлсон ч бодит амьдралд хэрэгжүүлэх нь түүнээс ч чухал. Бүгдээрээ нэгдсэн саналд хүрэхгүй бол хэрэгжилт хангалтгүй байх болно. Замын зураглалаа богино, дунд, урт хугацаатай төлөвлөж гаргах хэрэгтэй байгаа” хэмээлээ. 


“Улаанбаатар хотын бодлогын тухай асуухад хэн нь ч нэгдсэн зүйл ярьдаггүй. Зам, барилга, орон сууц гэх мэт өөр өөр зүйл хэлдэг. Хот гэсэн цогц ойлголтгүй, үндэсний түвшний хотын бодлого байхгүй санагдсан. Хотыг хэт тэлэхээс сэргийлэх ёстой байтал хэрэгжүүлж буй бодлого нь хот өргөжихийг дэмжиж байх жишээтэй. Иймд хотын бодлогыг нэг цогцоор ойлгож, газар ашиглалт, татвар, үйлчилгээ нь харилцан уялдаатай байх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй”-г Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ЕвроАзийн хэлтсийн дарга Виллиам Томпсон онцоллоо.


Улаанбаатар хотод Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 онд гэхэд тээврийн хэрэгслээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал 22.7 хувь бууруулах амлалт авсан. Иймд 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022-2023 онд сүүлийн үеийн 80 автобус оруулж иржээ. Ирэх онд энэ тоог 800 болгохоор зорьж байгаа. Ингэснээр нийтийн тээврийн хүлэмжийн хийн ялгарал харьцангуй багасах боломжтой аж.

Манай улс 2020 онд ОУТФ-ын гишүүн болсон байна. Тус байгууллагад 64 улс гишүүнээр элсжээ. 

Холбоотой мэдээ