Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 16.4 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-24 10:53:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 422.9 (16.4 хувь) тэрбум, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөг болж, 318.7 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 2 сард 2.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 22.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төсвийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 9.6 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.


Татварын нийт орлого дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 240.7 (10.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 61.5 (8.2 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 85.7 (16.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 72.2 (17.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Харин онцгой албан татвар 82.6 (46.6 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Татварын орлогод энэ оны эхний 2 сарын байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.3, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.3, нийгмийн даатгалын орлогынх 1.1,  бусад татвар, төлбөр, хураамжийн орлогынх 0.7 нэгж хувиар нэмэгдэж, харин онцгой албан татварын орлогынх 3.9, орлогын албан татварынх 0.5 нэгж хувиар багассан байна.


Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 328.3 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 148.6 (9.9 хувь) тэрбум, хүүгийн зардал 140 (2.7 дахин) тэрбум, бараа үйлчилгээний зардал 126.4  (27.6 хувь) тэрбум  төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Урсгал зардалд бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь энэ оны эхний 2 сард өмнөх оны үеийнхээс 1.6, хүүгийн зардал 4.9 нэгж хувиар өсөж, харин урсгал шилжүүлгийн эзлэх хувь 5.4, татаас 1.1 нэгж хувиар багассан аж.


Хөрөнгийн зардал энэ оны эхний 2 сард 221.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 80 (26.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 108.6 (40.6 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Холбоотой мэдээ