Улаанбаатарчуудад ургацын дээжээ хямдруулан өгч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын иргэд намрын намарт шинэ ургацын дээжээр тасрахгүй үйлчлүүлдэг болсон юм. Энэ жилийн ургац ч арвин, тариаланчид ч ургацынхаа дээжийг уламжлал ёсоор авчран хямд үнээр борлуулж эхэлсэн байна.
Өнгөрсөн 8 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г нийслэлд өргөнөөр зохион байгуулж, дүүрэг тус бүрт хоёроос доошгүй байршилд хүнсний ногоо худалдаалж байгаа юм. Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 23 байршилд 190 цэгт төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ. Баянзүрх дүүрэгт “Скай” худалдааны төвийн урд талбайд, Бөхийн өргөөний урд, “Тэнгэр” бөөний худалдааны гадна талбай зэрэг нийт дөрвөн байршилтай 80 цэгт үзэсгэлэн худалдаа гарсан бол Баянгол дүүрэгт Гуравдугаар эмнэлгийн зүүн тал, Бичил хорооллын дунд талбай зэрэг байршилд, Хан-Уул дүүрэгт “Ажилчны алдар” талбай, “Хоме ппаза”-ийн гадна талбайд, “Буянт-Ухаа-1” хорооллын гадна, Чингэлтэй дүүрэгт Хайлааст, Долоон буудлын уулзвар, 24 дүгээр сургуулийн урд талбайд, Сонгинохайрхан дүүрэгт Хархорин захын эсрэг тал болон "Миний зах"-ын хажууд, Баянхошууны эцсийн буудал зэрэгт төрөл бүрийн хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарсан байна. Есдүгээр дүгээр сарын 15-наас эхлэн Сүхбаатарын талбай, Барилгачдын талбай, Жуковын талбайд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гарах юм байна.
Ж.Батсайхан